Долоо хоногийн дотор дөрвөн хүн мотоциклын ослоор амиа алджээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-07 16:09:52

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын эхний долоо хоногт тус аймгийн дөрвөн иргэн мотоциклын ослоор амь насаа алджээ.

Тодруулбал, Эрдэнэцагаан суманд үерлэсэн голд хоёр мотоциклтой гурван иргэн урсаж эндсэн бол, Мөнххаан суманд согтуугаар мотоцикл жолоодож яваад урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас хүнд бэртэж амиа алджээ.

Мөргөлдөж амиа алдсан иргэн нь 1993 оных байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Харин Эрдэнэцагаан суманд гарсан осол нь золгүй явдал байсан байна. Одоогоор эдгээр хэргийг аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.

2020 оны эхний хагас жилийн байдлаар тус аймгийн хэмжээнд зам тээврийн осол өмнөх оны мөн үеэс 37 орчим хувиар буурсан хэдий ч мотоциклоос үүдэлтэй осол ийнхүү нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн Цагдаагийн газраас архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

 

 

Холбоотой мэдээ