Ж.Батбаясгалан: Нэг хүн, нэг байгууллагын хариуцлагагүйгээс нийтээрээ усанд автах ёсгүй

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-07 15:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Улаанбаатар хотын зам, талбайн дэд бүтцийн талаар хэлэлцлээ.   

Тодруулбал, сүүлийн үед усархаг бороо их орсны улмаас нийслэлд ус их тогтож, иргэд, автомашин, нийтийн тээвэр зорчиход хүндрэл үүсч, зам болон барилга, байгууламж эвдэрч байгаа тул ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. 

Борооны улмаас автозам, гудамж, талбайд учирсан хохирлыг хэрхэн шийдэж байгаа болон мөн ирэх өвлийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний нөөцлөх талаар холбогдох албан хүмүүс мэдээлэл өглөө.

Улаанбаатар хот болон хотын орчимд усны түвшин 10 см нэмэгджээ. Энэ нь олон жилийн дунджаас давсан байна. Энэ сарын 3-6-нд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаар ажиллаж үерийн усыг зайлуулжээ. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага иржээ. Нийслэл хотод орсон хүчтэй, аадар борооны улмаас зам  эвдэрч  4.7 тэрбумын хохирол учирч, өнөөдрийн байдлаар 150 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд байна. 

Хуралдаанаар нийслэлийн зам, талбай, ус зайлуулах далан суваг, байгууламж болон цахилгаан, эрчим хүчний байгууллагад өнөөдрийн дотор очиж, нөхцөл байдалтай танилцаж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов. Мөн сайжруулсан шахмал түлш тээвэрлэх ААН-үүдтэй хийсэн гэрээ дуусч буйг эргэн харж, энэ ажлыг түлш нөөцлөхтэй холбоотойгоор яаралтай зохион байгуулах болов. 

Нийслэлийн Онцгой комиссын өнөөдрийн хуралдааныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан удирдан явууллаа. Тэрээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт ус зайлуулах, үерийн далан гэж босоо хавтан босгосонд шүүмжлэлтэй хандаж, татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, хариуцлагагүй зарцуулж буй энэ байдлыг өөрчлөхийг үүрэг болгов. "Нэг хүн, нэг байгууллагын хариуцлагагүйгээс нийтээрээ усанд автах ёсгүй" гэдгийг тэрээр анхаарууллаа. 


Холбоотой мэдээ