Сайнцагаан суманд "Шилдэг сум"-ын батламж гардуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-07-07 21:52:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Монгол Улсын төвийн бүсийн Шилдэг сум”-аар шалгарсан Сайнцагаан сумын Батламжийг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энэ сарын 6-нд гардуулан өглөө.

Монгол Улсын хууль тогтоомж, хөгжлийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээрээ "Улсын тэргүүний сум шалгаруулах болзол"-ыг хангасан тул энэхүү шагналын эзэн болжээ.

Сайнцагаан сумыг анх 1931 онд байгуулж, Өмнөговь, Төв аймгийн харьяанд байж байгаад 1941 онд Өмнөговь аймгийн найм, Дорноговь аймгийн гурав, Төв аймгийн долоо нийт 18 сумыг нийлүүлэн Ембүү дэрсэнэ ус хэмээх газарт төвтэй Шарангад аймгийн харьяаны сум болжээ.

1942 оны намар Мандалын говийн  Хар овооны энгэрт Дундговь аймгийг байгуулахад тус аймгийн сум болсон түүхтэй.

Нийт 340,6 мянган га нутаг дэвсгэртэй, засаг захиргааны нэгжийн хувьд хөдөөгийн дөрөв, төвийн таван багт хуваагддаг. Аймгийн нийт хүн амын 34 хувь нь тус суманд харьяалагддаг, нийт 417,5 мянган малтай ба хүн амынхаа тоогоор аймагтаа нэг, малын тоогоор хоёрдугаарт ордог.

Сайнцагаан суманд аймгийн ЗДТГ болон 21 агентлаг болон таван сургууль, найман цэцэрлэг, хувийн хэвшил, ТББ-уудын 60 гаруй хувь нь байрлаж, үйл ажиллагаагаа явуулдаг, нийгэм, эдийн засаг, Засаг захиргааны төв нь юм.

Тус сумын хувьд өнгөрсөн он бол онцлог жил байлаа. Сум байгуулсны түүхт 95 жилийн ой тохиосон. Ойг баяр наадам гэхээсээ илүүтэй бүтээн байгуулалтаар угтаж, тэмдэглэе гээд “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан.

Өнгөрсөн жил тус сумын 95 жилийн ой тохиож, “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласнаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын санаачилгаар маш олон бүтээн байгуулалт хийсэн аж.

2019 онд тус сум Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 10,2 тэрбум, аймгийн ОНХС-ийн 500,0 гаруй сая төгрөг, сумын ОНХС-ийн 194,0 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийжээ.

Холбоотой мэдээ