С.Пүрэвсүрэн: Жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байгаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-07-08 16:51:58

Зуны дунд сар гарсаар нийт нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо орж, үер бууж байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд үер уснаас үүдсэн гамшиг, осол хэр байгаа талаар Онцгой байдлын газрын ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахмад С.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.


-Танай байгууллагад гамшиг, ослын дуудлага хэр ирж байгаа вэ? Түүний дотор, үер устай холбоотой дуудлага, мэдээлэл бий юу?

-Он гарсаар аймгийн хэмжээнд гал түймрийн дуудлага 29, гамшиг ослын дуудлага 11, үүнээс үер усны дуудлага 4 ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах бүлэг шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, 600 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

-Үерт мал урссан, айл гэр нурсан, хүний амь нас эрсэдсэн, том хад цохио зам руу урсаж орсон гэх яриа иргэдийн дунд байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

    

Өнгөрөгч 6 дугаар сарын сүүлээр хүчтэй аадар бороо орсны улмаас Уянга суманд уруйн үер бууж, долоон тооны үхэр урссан, мөн Есөнзүйл суманд айлын гэр нурж, эд материалын хохирол амссан гэх мэдээллүүд бий. Манайд албан ёсоор дуудлага ирээгүй. Бат-Өлзий суманд эмнэг сургаж байсан нэг иргэн нуурын усанд морьтойгоо унаж амь насаа алдсан. 7 дугаар сарын эхээр орсон хур борооны улмаас зам эвдрэх, сэтрэх, том хад чулуу зам руу урсаж орж ирэх зэрэг асуудал гарсан ч хүн, амьтан таараагүй учраас ямар нэг гарз хохирол учраагүй.


Цаг уурын байгууллагаас ирсэн мэдээгээр 7 дугаар сарын эхний 10 хоногт дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Мөн цаашид ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, үе үе хэт халж, үүнтэй холбоотойгоор зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхи түр зуур хүчтэй ширүүсэх, гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байгаа. Иймд гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулья.

-Амралт, аяллын улиралд Онцгой байдлын газраас илүү анхааралтай, ачаалалтай ажилладаг байх. Одоогоор ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

-Үер усны ослоос урьдчилан сэргийлэх, голомтод үүрэг гүйцэтгэх хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, ард иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээллийг хүргэх зорилгоор төлөвлөгөө гарган Газрын даргаар батлуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр албан байгууллагууд тодорхой ажлыг зохион байгуулж, хамтран ажиллах тухай аймийн Засаг даргын захирамж гарлаа. Мөн завьт болон явган эргүүлийг 6 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 1 хүртэл ажиллуулж, зугаалгаар явж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар тусгасан. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран аялал зугаалгаар явж буй 150 гаруй амрагчдад архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр голын эрэг дагуу, гол дотор тоглуулахгүй байх талаар заавар зөвлөгөө өглөө.

Голын ай сав, гуу жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан айл өрхүүдэд нүүх тухай шаардах хуудас өгч байна.

-Ард иргэдийн зүгээс тавьсан шаардлагыг хэр биелүүлж байна вэ, иргэд юуг түлхүү анхаарах ёстой вэ?

-Өөрсдийнх нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөний төлөө ажиллаж, анхааруулж байгаа болохоор иргэд маань талархаж, дуулгавартай хүлээж авдаг. Цаг агаарын мэдээг аль болох тогтмол сонсож, аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тал дээр ардын уламжлалт арга ухаан болон шинжлэх ухааны мэдлэг, дадлага туршлагатай байж ахуй амьдралдаа хэрэгжүүлэх юм бол гамшгийн үед хохирол багатай даван туулна.

Холбоотой мэдээ