Сербийн нийслэлд хөл хорих цаг тогтоохыг эсэргүүцэн жагсжээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-08 15:57:48

БЕЛГРАД. /TASS/. Коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Сербийн нийслэл Белград хотод хөл хорих цаг тогтоохыг эсэргүүцсэн жагсаал болж, улмаар эмх замбараагүй байдал дэгджээ.


Нийслэл хотын цагдаагийн газрын даргын мэдээлснээр, өнгөрсөн шөнийн эмх замбараагүй байдлын үеэр дор хаяж 43 цагдаа, 17 жагсагч гэмтэж бэртсэн байна. Хэдэн цагийн турш үргэлжилсэн эмх замбараагүй байдлыг цагдаа нар хяналтдаа авчээ. Жагсагчид парламентын ордон руу дайран орохыг оролдсон байна. Эмх замбараагүй байдлын үеэр 23 танхайрагчийг баривчилсан гэж цагдаагийн дарга мэдээлжээ. Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич Белград дахь парламентын ордны дэргэд болсон шөнийн үймээнийг эрс шүүмжлээд төр засаг хууль дээдлэх ёсыг хамгаална гэдгийг иргэддээ хандан мэдэгдсэн байна.  


Коронавирусний цар тахалтай холбогдуулан нийслэл хотдоо хөл хорих цаг тогтоож байгааг Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мягмар гарагт мэдэгджээ. Халдварт өвчний хамгийн хүнд нөхцөл үүсээд байгаа Белград хотод онцгой байдал зарлаад байгаа юм. Лхагва гаргийн өглөөнөөс эхлэн Белградад таваас дээш хүн цуглахыг хориглосон байна. 


Одоогийн байдлаар Сербид 16719 хүн халдвар авч, 330 хүн нас баржээ. Тус улсад халдвар тархсанаас хойш 455604 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна.


Холбоотой мэдээ