Монгол-Тайванийн хамтарсан видео хэлэлцүүлгээр туршлага солилцов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-08 16:00:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг (NTU Hospital) П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудлаар видео хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав.


Энэ удаагийн видео хэлэлцүүлгийг “COVID-19” халдварын үеийн бэлэн байдал ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд эмнэлгийн орчинд шинэ төрлийн коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх, халдварт өвчинтэй тэмцэх чиглэлээр ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийн хуваарилалт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцов.  


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө, “Тайваньчууд аажмаар эдийн засаг болон олон улстай харилцах харилцаа, хамтын ажиллагаагаа сэргээж эхэлсэн. Тайвань хэдийнээ Монгол Улсыг шинэ төрлийн коронавирусний бага эрсдэлтэй орнуудын тоонд багтаасан ба одоогийн байдлаар бизнесийн зорилгоор зорчих зорчигч болон оршин суух үнэмлэхтэй төгсөх курсын оюутнуудыг өөрийн орны хилээр нэвтрэхийг зөвшөөрөөд байна. Бизнесийн зорилгоор зорчих зорчигчдыг хилээр нэвтэрсний дараа 5 хүртэлх хоногийн хугацаанд тусгаарлана. Энэхүү хэлэлцүүлгээр шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хоёр эмнэлгийн бэлэн байдлыг хангах, талуудын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан гэж найдаж байна” хэмээв. Мөн тэрбээр халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт гар бие оролцож, галын шугаман дээр ажиллаж буй Монгол орны эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах зорилгоор Тайваний талаас Монгол Улсад нийт 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалт хандивласан гэдгийг дурдсан юм.


Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир, Манай эмнэлэг Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэгтэй олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн. Энэ оны хувьд халдварт өвчний улмаас хоёр эмнэлэг харилцан зочлох, хамтран сургалт зохиох зэрэг ажил түр хугацаагаар тасалдахад хүрсэн. Тайваньчууд шинэ төрлийн коронавирустэй тэмцэх чиглэлээр арвин баялаг туршлага хуримтлуулсан тул суралцах зүйл маш их бий. Хоёр орон хүчээ нэгтгэн, халдварт өвчинг ялан, талуудын хэвийн хамтын ажиллагааг ойрын хугацаанд дахин сэргээнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

Тайваний Үндэсний их сургуулийн харьяа эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю, “Бидний хувьд Монгол Улс шинэ төрлийн коронавирустэй маш амжилттай тэмцэж байгаа тухай олонтаа сонссон. Энэ удаа Монгол эмч нарын халдварт өвчинтэй тэмцэж буй арвин баялаг туршлагаас суралцах завшаан тохиож буйд талархаж байна” гэв.

  

Холбоотой мэдээ