Хоггүй аялахыг уриалах “Явлаа, Ирлээ, Цэвэр” аян эхэллээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-08 18:21:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль эн тэргүүнд төслийн “Явлаа, Ирлээ, Цэвэр” аяны нээлт Хүй долоон худагт өнөөдөр боллоо.

Дотоодын аялал жуулчлалын үе эхэлж байгаатай холбогдуулан хүрээлэн буй орчинд үүсч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх иргэдийн буруу дадал хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэх, зөв үйлдэлд уриалах, эерэг өөрчлөлт гаргах зорилготойгоор Экологийн цагдаагийн албанаас тус аяныг эхлүүлж байна.


Нээлтийн үеэр, Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргээлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: “Өнөөдрийн хариуцлагатай аялал нь иргэд байгальд ирлээ, буцаад явлаа, орчин цэвэрхэн үлдээх гэсэн санааг агуулж байгаа юм. Хүн мэдэхгүй учраас буруу үйлдэл хийдэг юм байна. “Хүүхдийн живхийг хаяхад 500 жил, шил болон лаазыг хаяхад 300 жил байгальд задардаггүй. Сайхан зохион байгуулсан “Хогоор бүү хорло” аяны хүрээнд иргэдийн зөв дадалд уриалсан янз бүрийн контентыг сар орчим  түгээсэн. Хүмүүсийн хандлага харьцангуй өөрчлөгдөж байгаа гэж бодож байна” гэв.


Туул голын сав газрын захиргааны Олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунчимэг“Туул голыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь хог хаягдал. Сүүлийн үед Туул голын дагуу иргэд олноор цугларч, амарч байгаатай холбоотойгоор хог хаягдалын эсрэг нөлөөлийн ажлыг манай байгууллагаас зохион байгууллсаар байна. БОАЖЯ-ны сүүлийн 3 жил “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд "Хандлагаа өөрчлөе" гэсэн өдөрлөг, нөлөөллийн ажил хийсэн. Өнгөрсөн жил Туул голын дагуу маш их цэвэрлэгээ хийж, 30 гаруй тонн хог хаягдал цэвэрлэсэн” гэлээ.


БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан: Хөл хорио тогтоосон учраас иргэд дотооддоо аялах боломжтой. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд хөнгөлөлттэй үнээр аялалыг зохион байгуулж байна. Орон нутгийн жуулчны баазууд дотоодын жуулчиддаа зориулж тодорхой бодлого боловсруулан ажиллахаар төлөвлөж байна. Аялалаар явж байгаа иргэд байгаль орчиндоо хог хаяхгүй байхад анхаарах хэрэгтэй. Байгалийн дурсгалт газруудаар аялаж байгаа иргэдэд БОАЖЯ-ны харьяа хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчид хяналт тавих юм. Иргэд ямар нэгэн зөрчил гаргавал байгаль хамгаалагч тухайн орон нутгийн хууль сахиулах байгууллагатай хамтран хариуцлага тооцдог” гэсэн юм.



Аяны нээлтийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Ланд крузер автомашин эзэмшигчдийн холбоо ТББ хамтран зохион байгууллаа. Аяныг ирэх сарын 20 хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хугацааг сунгах магадлалтайг холбогдох албанынхан хэлж байв.


Холбоотой мэдээ