Энэ жил хурдан морины хүүхдэд хамгаалах хувцас үнэгүй олгохгүй

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-09 12:48:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны зохион байгуулалтыг өнөөдөр Хурдан морины салбар комиссоос нийтэд мэдээлэв.


Дэлхийн олон улсад тархаад буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ДЭМБ болон ЭМЯ-наас өгсөн нийтлэг шаардлагыг хангаж олон хүний бөөгнөрөл үүсгэлгүй Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг уламжлал ёсоор монгол морьд 6 насанд, Монгол морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны болон наадамчин олон түмний хүсэлтээр эрлийз 3 насны морьдын гэсэн нийтдээ 9 насанд зохион байгуулахаар болсон.


Уралдаанд хурдлах морьдоо сэрвээний өндөр болон үйлдвэрлэг байдлаар ангилж уралдуулах юм. Наадамчдад  хурдан морины уралдааныг 5 телевиз /NTV, TV25, Mongol TV, Эх орон TV, МҮОНРТ шууд дамжуулан үзүүлэх юм байна.


Хурдан морины уралдааны эхний өдөр буюу 7 дугаар сарын 10-нд Хязаалан насны морьд 07:00-11:00, Эрлийз дунд насны морьд 12:00-14:30, Шүдлэн насны морьд 15:00-18:00 цагт уралдана. Өдөр бүр 3 насны морьд уралдах бөгөөд 7 дугаар сарын 11-нд Азарга насны морьд  07:00-11:00, Их насны морьд 12:00-14:30, Эрлийз дээд насны морьд 16:00-19:00 цагт уралдана. Харин 7 дугаар сарын 12-нд Соёолон насны морьд өглөөний 07:00-11:00, Даага насны морьд 12:00-14:30, Эрлийз бага насны морьд 15:00-18:00 цагт уралдаж, түрүү болон айргийн тавд хурдалсан морьдоо тодруулна. Зургаан насны морьдоо уралдуулж дуусаад морь цоллох ёслолыг Хүй долоо худагт зохион байгуулна.


Энэ жилийн зуншлага, цаг агаарын байдлаас хамаарч хурдан морьдын уралдааны Их насны морьд  25 км-т, Азарга, соёолон 23 км-т, Хязаалан 17 км-т, Шүдлэн 14 км-т, Даага 11 км-т тус уралдахаар тогтжээ. Харин эрлийз дээд нас 23 км-т, эрлийз дунд нас 17 км-т, эрлийз бага нас 11 км-т уралдана. Мөн нэг өдөр нэг төхөөрөмжөөс морьдыг уралдуулах юм. Хүүхдүүдийн халууныг үзэж, ариутгал халдваргүйжилт хийнэ.


Морьдыг үйлдэр угсаагаар нь ялгахдаа морины ерөнхий галбир, хоншоор, толгой, хүзүү, дэл, сүүл зэргийг авч үзнэ. Сэрвээний өндөр нь дараах хэмжээнээс давсан тохиолдолд эрлийз гэж үзнэ. Азарга, соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см байна. Харин өндөр нь хүрэхгүй ч ерөнхий галбир, хоншоор, толгой, хүзүү, дэл, сүүл зэрэг нь эрлийз байвал уралдуулахгүй.


"Өнгөрсөн сарын 29-нөөс эхлэн унаач хүүхдүүдийн бүртгэлийг эхлүүлсэн бөгөөд  өнөөдөр Хүй долоо худагт уламжлалт байдлаар бүртгэж байна. Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж даатгалд хамрагдсан эсэхийг шалгаж байгаа. Мөн бүртгүүлэхдээ асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардлагатай. Уяачдад хандан хэлэхэд унаач хүүхдүүдэд энэ жил хамгаалалтын хувцас олгохгүй. Өнгөрсөн жилийн наадмаар “Таван богд” корпорациас хурдан морины уралдаанч хүүхдүүдэд уралдааны хувцас хэрэглэлээр /200 ширхэг иж бүрэн хувцас, хэрэглэл/ үнэ төлбөргүй бүрэн хангаж өгсөн. Харин энэ жилийн хувьд уралдаанч хүүхдүүд өөрсдөө худалдаж авна.  Хамгаалалтын хувцас борлуулах 2 цэг Хүй долоо худагт ажиллаж байгаа. Тэндээс өөрсдөө худалдан авах юм" гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллэв.

 

Тээврийн цагдаагийн албаны хурандаа Б.Батболд: Хөдөө орон нутаг руу явах зам хөдөлгөөнийг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд хаана. Харин ийм зүйл гараагүй тохиолдолд хөдөлгөөнийг хэвийн явуулна. Уралдах морьдыг ачиж тээвэрлэх бөгөөд Хүй долоон худагт Г хэлбэрийн зогсоолын талбайг морьдыг ачиж ирж буй машинуудад зориулан гаргасан. Орон нутгийн хөдөлгөөний эрчим нэмэгдсэн тул Дархан руу явах Хүй долоо худгийн шинэ зам дээр нэмэлт зохицуулагч нар ажиллах юм.

Холбоотой мэдээ