БНСУ-д сүм хийдэд мөргөл үйлдсэн сүсэгтнийг QR кодоор бүртгэнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-07-09 13:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д сүмийн үйл ажиллагаатай холбоотой халдварын тохиолдол буурахгүй байна. Иймээс баасан гарагаас эхлэн сүм хийдэд залбирал үйлдэхээс бусад үйл ажиллагаа хийхийг хориглох шийдвэр гаргажээ. Мөн сүмд ирсэн сүсэгтнүүдийг QR кодоор бүртгэх юм.

Энэ тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ээлжит мэдээллийн үеэр танилцуулав.

 

Шинэ төрлийн короновирусний халдварын тархалт Хойд болон Өмнад Америкийн улс орнуудад буурахгүй байна. АНУ-д  50 мянга 300  шинэ тохиолдол бүртгэгдэж, 932 хүн энджээ. Нийт халдвартай хүний тоо 2 сая 982 мянга болж, 131 мянга  гаруй хүн энджээ. Харин Жонс Хофкинсийн их сургуулийн тооцооллоор АНУ-ын халдвартай хүний тоо гурван сая давсан аж. Тус улсын  Техас, Флорида, Аризона зэрэг муж улсад тархалт нэмэгдэж байна.

 

Өмнөд Америкийн Бразил улсад 44 мянга 500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1223 хүн эндсэнээр халдвартай хүний тоо 1 сая 713 мянга гаруй болжээ. Эдгээрээс нэг сая гаруй нь эдгэрсэн бол 624 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай байна. Латин Америкийн Чили, Перу, Аргентин улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байна.

 

Филлиппин улсад өчигдөр 2539 хүн коронавирусээр халдварлаж, нийт тохиолдол 50 мянгад хүрчээ. Тус улсын нийт батлагдсан тохиолдол сүүлийн таван хоногт 20 хувиар нэмэгджээ. Үүнээс шалтгаалан тус улсад дахин хөл хорио тогтоох тухай хэлэлцэж байна.

 

БНХАУ-д дотоодын шинэ тохиодол бүртгэгдээгүй бөгөөд засаг захиргааны онцгой бүс Хонконгт 24 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус бүс нутагт нийт 1324 тохиолдол бүртгэгдэж, 7 хүн эндсэн байна. 

И.Даваадорж 

Холбоотой мэдээ