Баяр наадмын өдрүүдэд хур бороо орж, аянга буухыг анхааруулав

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-09 14:14:48

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Үндэсний баяр наадмаар НОБГ, НМХГ хэрхэн ажиллах талаар өнөөдөр мэдээлэв.


НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй:  “Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Нисэхийн эцэс хүртэл 50 орчим км газарт өнгөрсөн сараас эхлэн завьт эргүүл хийж байна.  Энэ үеэр голын усанд унасан 10 хүнийг аварсан. Завьт эргүүл 9 дүгээр сарын 10 хүртэл ажиллана. Баяр наадмын үеэр тусгай хуваарийн дагуу бэлэн байдлын зэрэгт шилжиж, онцгой байдлын албаны нийт 2046 албан хаагч 56 машинтай хүч нэмэгдүүлэн ажиллана. Баянгол дүүрэг, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын алба хаагчид ГБХЗГ болон тус дүүргүүдийн Цагдаагийн хэлтэстэй хамтран эргүүл хийнэ. Баяр наадмын өдрүүдэд хур бороо орж, аянга буух бөгөөд зарим үед  салхины хурд 16-17 м/сек хүрч ширүүснэ. Нийслэлд хур тунадас ихээр буух тул иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иргэд цаг агаарын мэдээг тогтмол авах, аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол байрлах, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх,  бороо орж байхад цахилгаан хэрэгслээс хол байх, бороотой үед гол мөрний усны төвшин буурахгүй тул баталгаагүй гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


НМХГ-ын Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 110 байцаагч ажиллана. Наадамд зодоглох 512 бөх болон 610 орчим сур харваач, бусад хүмүүсийн хоол хүнс, цахилгаан, хийн аюулгүй байдалд хяналт тавина. Хүй долоо худаг, XIII зуун, Багануур дүүрэгт ундны усны 3 худгаас дээж авч шинжилж, сорьцод дүгнэлт гаргасан байгаа.


Нийслэлийн эрүүл мэндийн газрын, Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа: Манай улсад сүүлийн 24 цагийн байдлаар коронавирус 2 иргэнээс илэрч, нийт батлагдсан тохиолдол  227 боллоо. Үүнээс 195 хүн эдгэрч эмнэлгээс гарч, 32 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Энэ оны 1 дүгээр сараас хойш 12 мянга 392 хүнийг ажиглалтад авсан. Одоо тусгаарлах байранд 2995 хүн байна. ЗТХЯ-ны мэдээгээр орон нутгийн 16 чиглэлийн галт тэргээр 6992 зорчигч, 18 нислэгээр 1232 зорчигч,  235 авто тээврийн хэрэгслээр  6005 зорчигч хяналт тандалтад хамрагджээ. Энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Гэрийн ажиглалтад 3 дугаар сарын 7-оос 7 дугаар сарын 8 хүртэл нийт 5968 хүн орсноос 5211 хүн гарсан байна. Одоо өрхийн эрүүл мэндийн 115 төвд  757 хүн хяналтад байна.


Нийслэлийн Байгаль орчны газрын, Ойн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин: Нийслэлийн 18 байршил бүхий газарт үер усны аюулаас сэргийлэх анхаарал санамж бүхий самбарыг  байршуулаад байна.

Холбоотой мэдээ