ӨМӨЗО-ы малчны хотонд цахимаар зочлов

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-09 16:25:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. NTN телевизийн санаачилгаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агенлаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Өдрийн сонин”-ы “Солонго” мэдээллийн төвийн сэтүүлч Урьхан нар хамтран цахим технологийг ашиглан Өвөрмонголын малчин айлд зочилж, тэдний аж амьдралыг сурвалжиллаа.


Энэ удаагийн цахим сурвалжилгаар Шилийн гол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Саруултуяа гацааны уугуул Б.Насантогтохын ахуй байдалтай танилцсан юм.

Б.Насантогтох гэргий Д.Улаанцэцэгийн хамт 490 га талбайд малаа адгуулж, найман ханатай гэрт амьдардаг. Тэднийх хоёр хүүхэдтэй бөгөөд одоо ач, зээтэйгээ нийлээд ам бүл ес болжээ. Хоёр хүүхэд нь өрх тусгаарлаж, хот газар ажилладаг аж.

“Бидний насны улсууд үр ач нараа харна гээд хот орныг зорьсон. Өвгөн бид хоёр нутгаасаа, хэдэн малаасаа салж чадахгүй л байна. Өөрийн нутагтаа тааваараа амьдрах сайхан” хэмээн гэрийн эзэгтэй Д.Улаанцэцэг ярьж байлаа.


Гэрийн эзэн Б.Насантогтох туслах малчингүй өөрөө малаа малладаг. Малаа өсгөж ашиг шимийг нь хүртэх сайн ч, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх нь эн тэргүүний асуудал. Тиймээс тэрээр өнгөрсөн жил 100 гаруй үхрээ цөөлөн арилжиж, 60 гаруй үхэртэй үлдсэн байна. Малчдын энэхүү хөдөлмөр, уламжлалт ахуй соёлоо хадгалан буйг төрөөс дэмжин, 19 сая гаруй төгрөгийн үнэ бүхий найман ханатай угалз хээтэй гэрийн мод үнэгүй өгчээ.

Гэргий Д.Улаанцэцэг малаас гарах бүхий л түүхийн эдийг боловсруулан, цагаан идээ, арьс ширэн болон эсгий эдлэл хийдэг. Тэрээр өөрийн ур чадвар, бүтээгдэхүүний чанарыг сайжруулахаар 2017-2019 онд Монгол Улсын “Урлах-Эрдэм” дээд сургуульд суралцжээ. Түүний ур ухаанаа шингээн урласан эсгий гутал хийц загвараар илүүрхэн, дээд сургуулийнхаа оюутнуудын дунд болдог тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Миний ардын нэг өдөр” зургаар шагнуулсан хэмээн бахархан өгүүлсэн юм. Тэрээр гэрийн бүслүүр, дээсээс эхлээд ширмэл ширдэг, эсгий гутал, загварын шаахай, хүйтэнд зүүх чихэвч гээд өдөр тутмын хэрэглээний зүйл урладаг. Эсгийгээ нэг хатаачихвал хос гутлыг хоёроос гурван өдөрт, хөнгөн шаахайг өдөрт нь гүйцээдэг байна. Түүний нарийн шаглаа, тод өнгө болсон бүтээгдэхүүнийг төр засгаас нь дэмжин эсгий боловсруулах хоёр машин, гутал хийх дөрвөн төхөөрөмж өгсөн аж.

Тэрбээр зөвхөн өөрөө үйл оёдол хийгээд зогссонгүй. Залуу хойч үедээ ёс уламжлалаа өвлүүлэх хүслээр эсгий урлалын сургалтыг үнэ төлбөргүй хичээллүүлдэг байна. Анх 40 хүнд өөрийн ур эрдмийг зааж, дараагийн удаа 60 гаруй хүнд эсгий эдлэл боловсруулах хичээл оржээ. Тэрээр нийт дөрвөн удаагийн сургалтаар 170 гаруй шавьтай болсон байна. Удахгүй тэрээр зэргэлдээ багийн эмэгтэйчүүдэд гурван өдрийн хичээл заахаар явах юм.

 

Тэднийх сүү цагаан идээ боловсруулан, худалдаалдаг. Гэрийн эзэгтэй малынхаа ашиг шимийг боловсруулан, ааруул цагаа, хавтгай өрөм, шар тос, шар усны чихэр болон ундаа зэргийг гарган авдаг аж. Нэг килограмм ааруулыг 47 мянга, ээзгийг 39 мянган төгрөгөөр  худалддаг бөгөөд  гэрийн эзэгтэй “Цагаан идээний орлого зундаа хэдэн түмэн зоос болдог шүү” хэмээн өгүүлж байлаа. Сүү, сүүн бүтээгдэхүүнээ ямар нэгэн нэмэлт хольцгүй, уламжлалт аргаар хийдэг тул байнгын худалдан авагчидтай болсон бөгөөд нэрмэл архи ихээхэн эрэлттэй байдаг хэмээн ярьж байв. Мөн тэд цагаан идээний чанарыг шаардлага, стандартад хүргэх зорилгоор шинэ байр барьж байгаа юм.

 

Олон зүйлтэй танилцсан богино ярианы сүүлд гэрийн эзэн Б.Насантогтох, “Хоёр улсын нэг үндэстэн нүүр учран, ярилцаж байгаад баяртай байна. Манай төр засаг малаа адгуулж, ашиг шимийг хүртдэг малчдаа сайн дэмждэг. Тиймээс манай Хонгоргол суурингийн 856 өрхийн 50 шахам нь малчин айл болсон. Ер нь малчид сайтар чармайх хэрэгтэй. Хүн хөдөлмөрлөвөл хаана ч гомдоохгүй шүү дээ” хэмээсэн юм.

 

И.Даваадорж

 

Холбоотой мэдээ