Тоорцог малгай

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-09 18:04:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн сан хөмрөгт 3100 гаруй үзмэр бий. Үүнээс угсаатны үзмэр 560 гаруй, тэр дундаа дээл хувцас, гоёл чимэглэлийн зүйл 180 гаруй ширхэг хадгалагдаж буй.

Онцлоход, Ховд аймгийн Музейд 2200 гаруй шүр ашиглан урласан тоорцог малгай хадгалагдаж байна. Уг тоорцог малгайг 19-20 дугаар зууны үед хэрэглэж байжээ.

Улмаар 1950 онд аймгийн Музейн сан хөмрөгт бүртгэн авч, олон нийтийн хүртээл болгож байгаа аж.  

Тухайн тоорцог малгай дээрх шүр нь пүүзэн, эрвээхэй, ланз гэх гурван төрлийн хээг илэрхийлж байгаагаараа онцлогтой.

"Үндэсний хувцасны өдөр"-ийг тохиолдуулан Ховд аймгийн Музейн хамт олон үзмэрүүдийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзэх, угсаатны хувцсыг өмсөж дурсгалын зураг татуулах боломж олгож байна.  

Энэ нь иргэд олон нийтийн соёлын дархлааг бэхжүүлэх, хүүхэд багачууд, залуу үеийнхэнд үндэсний хувцасны онцлог, хэв маягийг танин мэдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой аж. 

Холбоотой мэдээ