Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа бэлэн байдлаа чангатгахыг шаардаж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-09 19:01:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-аас УОК-т COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм.



Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар, “Манай улсад нийт өвчилсөн хүний тоо 227 хүрсэн нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бөгөөд 195 хүн эдгэрсэн нь биднийг баярлуулж байна. Нөгөөтэйгүүр сонор сэрэмжээ алдахгүй байхыг дахин дахин сануулж байна. Зарим орон цар тахлын хоёрдугаар давалгаа болж байна гэж дүгнэж болохоор нөхцөл байдал үүсэж байгаа нь бид бүгдийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна. Аюулт халдварын цар тахалтай тэмцэхэд Монгол Улсын Засгийн газар бүх нөөц, боломжоо дайчлан ажиллаж байгаа. Аюул сорилтой тэмцэж буй энэ цагт НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, ДЭМБ болон НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагуудаас эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, хувийн хамгаалах хувцас, хэрэглэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэргийг хандивлаж хамтран ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газар, УОК-ын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 

Холбоотой мэдээ