Трамп АНУ-д эмийн үнийг бууруулах зорилгоор гурван тогтоолд гарын үсэг зурна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-07-10 10:52:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жороор олгодог эмүүдийн үнийг бууруулах зорилгоор гурван тогтоолд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны Тамгын газрын дарга Марк Медоуз “Fox Business” телевизээр мэдэгджээ.


“Ерөнхийлөгч гурван гүйцэтгэх тогтоолд гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Үүний ачаар америкчууд жороор олгодог эмүүдийг хямд үнээр авах боломжтой болно” гэж тэрбээр хэлжээ. Гэхдээ тэрбээр Америкийн удирдагч холбогдох баримт бичгүүдэд чухам хэдийд гарын үсэг зурахыг тодорхой хэлээгүй байна.   


Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эрүүл мэндийн сэдэвт онцгой анхаарал хандуулж байгаа юм. “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд сонгогчдоос тавьж байгаа гол асуудлуудын нэг бол жороор олгодог эмүүдийн үнэ өртөгтэй холбоотой асуудал юм.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төрийн тэргүүний сонгуульд Бүгд Найрамдах намаас нэрээ дэвшүүлэхэд шаардлагатай тооны саналыг намын их хурлын төлөөлөгчдөөс хэдийнэ авсан байна. Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөж буй АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден мөн удахгүй болох намын их хурлын төлөөлөгчдийн хангалттай дэмжлэгийг аваад байгаа юм. АНУ-ын 59 дэх ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болно.


Холбоотой мэдээ