Сэлэнгэ бол алдарт мэргэн харваачдын өлгий нутаг

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-10 13:28:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг бол алдарт мэргэн харваачдын өлгий нутаг гэдгээрээ гайхагддаг. Тодруулбал 1938 оны улсын баяр наадмаар улсын мэргэн Гончигийн Бумцэнд 20 сумнаас 16 онож 2-р байр эзэлж байсан гэдэг. Ардын хувьсгалын партизан, БНМАУ-ын Улсын Бага Хурлын дарга, анхны АИХ-ын дарга Г.Бумцэнд гуай үндэсний сурын спортыг Сэлэнгэ аймагт хөгжүүлэхэд үлэмж их гавьяа байгуулсан хүмүүсийн нэгд ордог байна. Түүнчлэн түүхэнд нэрээ гаргаж явсан Сэлэнгэ аймгийн Ерөө, Дулаанханы алдарт харваачид төрөх эхлэл түүнээс улбаатай хэмээн үздэг ажээ.

Ингээд түүхэн харваачдын тухай зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн гуай ийн өгүүлсэн юм. Тэрээр: 1940 оны ардын хувьсгалын 19 жилийн ойгоор Ерөөгийн харваач М.Цэдэв 20 сумнаас 17 онож түрүүлсэн гэдэг. Мөн сумын С.Самдан 15, О.Адилбиш нар удаалж байжээ. Улсын мэргэн М.Цэдэв ардын хувьсгалын партизан хүн бөгөөд Ерөөгийн “Цагаан тохой” гэдэг газар төрсөн байна. М.Цэдэв мэргэн 1959 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 27 онож түрүүлсэн улсын анхны аварга юм. 1942 он буюу ардын хувьсгалын 21 жилийн ойгоор Зүүнбүрэн сумын харваач Донойн Ханд 16 онож түрүүлсэн байна. Улсын мэргэн Д.Ханд Зүүнбүрэн сумын “Бэрхийн эрэг” гэдэг газар төрсөн хүн. Тэрээр 1943 онд тав, 1947 онд тав, 1952 онд 3-р байрыг тус тус эзэлж байсан мэргэн харваач юм. 1944 он буюу ардын хувьсгалын 23 жилийн ойгоор Мандал сумын уугуул Цэнд-Аюушийн Дагдандорж 17 онож улсад түрүүлсэн түүхтэй. Тэрээр Монгол Улсын анхны гэрэл зурагчин бөгөөд төрийн зүтгэлтнүүдийг дагаж олон орноор явж түүхэн гэрэл зураг авч байсан гэдэг. Улсын мэргэн Дагдандорж 1945 оны наадмаар 14 онож 3-р байр эзэлж байжээ.

Энэ мэт манай Сэлэнгэ түүхэн алдарт мэргэдүүдийн өлгий нутаг хэмээн Т.Доржсүрэн гуай хуучиллаа.

 

Холбоотой мэдээ