Малын бүртгэл, мөшгөх тогтолцооны тоног төхөөрөмж гардуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-10 17:40:10

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох “Мөшгөх тогтолцооны систем”-ийг орон нутагт хэрэгжүүлэхээр малын бүртгэл мэдээллийн системийн хэвлэгч, таблет зэрэг техник хэрэгслийг өнөөдөр гардуулж өглөө.

Уг ажилд орон нутгийн төсвөөс 100.0 сая төгрөгийг шийдвэрлэж, notebook 13 ширхэг, тablet 53 ширхэг, 80мм хэвлэгч 53 ширхэгийг, улсын төсвийн хөрөнгөөр 20.3 сая төгрөгийн үнэ бүхий компьютер 5 ширхэг, ээмэгний код уншигч 5 ширхэг, 80 мм хэвлэгч 5 ширхэгийг тус тус авч хүлээлгэн өглөө. Нийлүүлэгч "Атгамал" ХХК-ийн зүгээс тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах чиглэл, зааварчилгааг өгч, малын бүртгэл мэдээллийн нэгдсэн программ, мөшгөх тогтолцооны систем, мал сүргийн эргэлтээр ашиг шим, орлого, зарлага тооцох программуудыг компьютерт суулгаж байна.

Дээрх компьютер, техник хэрэгслийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодорж, Мал эмнэлгийн газрын дарга А.Саруулжаргал, ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Ж.Цогтбаатар нар сумын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж болон Мал эмнэлгийн ажил үйлчилгээний гээд нийт 58 нэгжид өгчээ.

Холбоотой мэдээ