НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-11 12:09:09

НҮБ. /RIA Novosti/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Туркийн нутгаас Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэх хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн үйл ажиллагааг сунгах талаар амжиж тохиролцоонд хүрч чадсангүй.


Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхэд "Баб эль-Хава", "Баб-эс Салям" гэсэн хилийн хоёр боомтыг ашиглаж байгаа юм. Эдгээр шалган нэвтрүүлэх цэгийг ашиглах хугацаа долоодугаар сарын 10-нд дууссан бөгөөд үйл ажиллагааг нь цааш үргэлжлүүлэхийн тулд АЗ тогтоол батлах ёстой байв. Гэвч нэг талаас ОХУ, БНХАУ нөгөө талаас Европын орнууд болон АНУ-ын байр суурь зөрүүтэй байсны улмаас баасан гаргаас өмнө холбогдох тогтоолыг баталж чадаагүй байна.


ОХУ хил дамнасан хүмүүнлэгийн тусламжийн механизмыг үе шаттайгаар хумихыг санал болгожээ. Москвагийн мэдэгдэж байгаагаар, энэ механизм нь түр зуурынх байсан бөгөөд Сирийн эрх баригчид тус улсын томоохон газар нутгийг хяналтдаа аваагүй байсан үед шаардлагатай байсан байна. Тухайн үед Сирийн Засгийн газрын хяналтад байгаагүй тус улсын бүс нутгуудын оршин суугчдад хөрш Ирак, Иордан, Турк улсуудын нутгаас хүмүүнлэгийн тусламж хүргэх нь тохиромжтой байсан бол харин одоо нөхцөл байдал "газар дээрээ" өөрчлөгдсөн бөгөөд Сирийн армийн хяналтдаа авсан газар нутаг улам бүр тэлж байгаа учир энэ механизм хэрэггүй болсон гэж ОХУ-ын эрх баригчид үзэж байгаа аж. Хүмүүнлэгийн тусламжийг одоо Дамаскаар дамжуулан хүргэх ёстой гэж Сири, ОХУ мэдэгдэж буй юм.


Сирид хил дамнасан хүмүүнлэгийн ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг НҮБ-ын АЗ 2014 оны долоодугаар сард баталжээ. Холбогдох тогтоолыг энэ оны нэгдүгээр сард хагас жилээр сунгасан боловч тусламж хүргэх шалгах нэвтрүүлэх цэгүүдийн тоог ОХУ, БНХАУ-ын шаардлагаар дөрвөөс хоёр болгон цөөлсөн байна. Энэ нь АЗ-ийн барууны түншүүдийн дургүйцлийг ихээхэн төрүүлжээ. Шалган нэвтрүүлэх цэгүүдийг хааснаар тусламж авч чадаагүй Сирийн иргэд хохирч магадгүй гэж Европын орнууд болон АНУ мэдэгджээ.


Үлдсэн хоёр шалган нэвтрүүлэх цэгтэй холбоотой шийдвэрийг долдугаар сарын 10-наас өмнө гаргах ёстой байв. Өнгөрсөн долоо хоногт Бельги болон Герман, мөн ОХУ тус бүр хоёр тогтоол боловсруулжээ. Оросын тогтоол шаардлагатай тооны санал авч чадаагүй бол ОХУ, БНХАУ Европын хамтрагчдынхаа төсөлд хориг тавьсан юм.


ОХУ хилийн ганцхан шалган нэвтрүүлэх цэгээр Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхийг санал болгожээ. Түүнчлэн дайн, коронавирусний цар тахлын үед Сирийн хүмүүнлэгийн байдлыг улам дордуулж байгаа тус улсад дангаар авсан хориг арга хэмжээний хор уршгийг тогтоолд зайлшгүй тусгах ёстой гэж үзсэн байна.


Бельги, Герман улс тогтоолын гурав дахь хувилбарыг баасан гарагт танилцуулсан бөгөөд өнөөдөр хэлэлцэх аж. Уг хувилбарт "Баб эль-Хава" боомтын үйл ажиллагааг нэг жилээр, "Баб-эс Салям" боомтынхыг гурван сараар сунгахаар тусгажээ.


Холбоотой мэдээ