Үндэсний Их баяр "Монгол наадам" ёслол төгөлдөр өндөрлөв

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-12 19:45:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам нар хур тэгширсэн, налгар өдрүүдэд хүчит бөхөө барилдуулж, хурдан морьдоо уралдуулж, сур, шагайгаа харваж цэц мэргэнээ сорин наадаж өндөрлөв.


Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг “COVID-19” цар тахлын үед болж байгаа тул бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт зохион байгуулсан юм. Энэ жилийн улсын наадам дэргэдээ үзэгчгүй хэдий ч наадамчин зон олон нь анх удаа алсаас цэнхэр дэлгэцээрээ нэг цаг мөчид үзэж сонирхсон гэдгээрээ онцлогтой боллоо.


Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

 

Төрийн тэргүүн: “Түүхийг тасалж, ёсыг алддахгүйг хичээн наадмаа зохион байгууллаа. Наадмыг зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье. Үндэсний их баяр наадам нь монголчуудын эв нэгдлийг бататгаж, соёлыг сэргээдэг, наадамчин олныг баясгадаг, хүчит бөхчүүд нь хурд хүчээ сорьдог, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорьдог, шандаст хүлгүүд нь хурдаа сорьдог өв соёл билээ. Тал нутагтаа сайхан наадаж, 21 аймаг, 330 сумандаа эрийн гурван наадмаа үзэж баясан нэгэн зэрэг наадлаа. Наадамчин олондоо  баярлалаа, сайхан наадаарай" хэмээлээ.

 

Одоо Үндэсний их баяр наадам болсон XIII зуун цогцолбороос Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу залах ёслол болж байна.




Холбоотой мэдээ