Токиод халдварын шинэ тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан 200 давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-07-13 12:01:03

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотод ням гарагт коронавирусний халдварын 206 тохиолдол шинээр илэрснийг тус хотын засаг захиргаа мэдээлжээ. Уг үзүүлэлт сүүлийн дөрвөн өдөр дараалан 200 давж буй нь энэ юм.  


Мөн баруун нутгийн Осака хотод халдвар авсан хүний тоо нэмэгдэх болсон бөгөөд ням гарагт халдварын 32 тохиолдол бүртгэгдсэний 21 нь хаанаас халдвар авсан тодорхойгүй байна. Осака мужийн засаг захиргаа мужийнхаа шалгуурт тулгуурлан түгшүүр зарлах шийдвэрийг гаргажээ.


“Шөнийн цагаар үйл ажиллагаа явуулдаг газруудаар үйлчлүүлсэн залуучуудын дунд халдвар тархаж буй нь тодорхой болж байна. Бид халдварын голомтыг чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг зорьж байна” гэж Осака мужийн захирагч Ёшимүра Хирофүми мэдээлжээ. 


Мөн Окинава мужид байрладаг АНУ-ын цэргийн баазад халдварын шинэ тохиолдол илэрчээ. Ингэснээр тус цэргийн баазтай холбоотой халдварын тохиолдлын тоо 66-д хүрсэн байна.


Японд ням гарагт коронавирусний халдварын 400 гаруй шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авсан хүний тоо 22 мянгад дөхжээ. 

Холбоотой мэдээ