Шинэ аварга П.Бүрэнтөгс түрүү бөхийн нэрэмжит машиныг НЭМГ-т гардуулав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-13 12:56:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсөд “Моннис Моторс” компани "Nissan Patrol Y62" загварын жийп машиныг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр гардуулав.

Энэ үеэр “Моннис Моторс” компаний гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар хэлэхдээ, “Toyota” корпорац Улсын баяр наадмын түрүү бөхийг 7 жил дараалан урамшуулж ирсэн. Тус компаниас манай байгууллагад дээрх үйл ажиллагаа үргэлжлүүлэх санал ирүүлснийг бид хүндэтгэлтэй хүлээн авч, энэхүү уламжлалыг үргэлжлүүлэх болсон юм. Энэ хүрээнд бид Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай Үндэсний баяр наадмын хамтрагчаар 5 жилийн хугацаанд хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Ингэснээр “Моннис Моторс” компани хоёр дахь жилдээ "Nissan Patrol Y62" автомашныг түрүү бөхөд өгч байна" гэв.




Тэрээр, "Улсын баяр наадам бол монгол түмний бахархлын нэгэн том илэрхийлэл юм. Тийм учраас бид хурд хүчний илэрхийлэл болсон  "Nissan Patrol" машнаар түрүү бөхөө байлж байна” гэлээ. 

Мөн Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж буй “Тоёота мотор корпорац” хүчит бөхийн барилдааны түрүү бөхийн нэрэмжит автомашиныг өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэж өглөө. Уг машиныг Улсын аварга П.Бүрэнтөгс гардуулсан юм. Энэхүү ёслолд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, шагнал гардуулах үйл ажиллагааны зөвлөх Л.Ариунбат нар оролцлоо.

Зорчигч тээврийн зориулалт бүхий 16 хүний суудалтай, "HIACE" загварын уг машиныг албаны хэрэгцээнд ашиглахад нэн тохиромжтой, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээг дэмжих, уялдаа холбоог сайжруулахад голчлон ашиглах юм. 


Ялангуяа коронавируст “COVID-19”-ийн цар тахлын үед нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нээсэн эрүүл мэндийн хяналт, гэрийн тусгаарлалт болон эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хариуцан ажиллаж буй энэ цаг үед чухал хэрэгцээтэй болохыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар онцлов. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс нарт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудынхаа өмнөөс талархал илэрхийлж буйг тэрээр уламжиллаа.




И.Даваадорж

Холбоотой мэдээ