Монголын уламжлалт баярыг цахимаар зохион байгууллаа

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-07-13 18:11:27

УЛААНБААТАР. /Euronews/. Төв Азид оршдог Монгол Улсад Үндэсний их баяр наадмыг “COVID-19” халдварын улмаас цахимаар буюу өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад олон үзэгчгүйгээр зохион байгуулжээ. 800 жилийн түүхэнд анх удаа энэхүү баярыг нэртэй улс төрчид бүхий цөөн зочин биечлэн үзэх боломжтойгоор зохион байгуулж буй нь энэ юм.


Нийслэл Улаанбаатар хотоос холгүй орших эдлэн газарт “Эрийн гурван наадам” хэмээн нэрлэдэг хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур харвааны уламжлалт тэмцээнүүдийг явуулжээ. Монголын ард түмний дийлэнх нь эдгээр тэмцээний шууд дамжуулалтыг хүлээн авч үзсэн байна.


Харин хотын гудамжуудад уур амьсгал өөр байжээ. “Бид морины уралдаан үзэж чадахгүй байна” гэж нэгэн оршин суугч хэлжээ. Түүний ярьснаар, замуудыг хаасан бөгөөд зөвхөн чинээлэг хүмүүс орох боломжтой байгаа ажээ. Мөн зарим оршин суугч наадмыг зохион байгуулсанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. “Засгийн газар баяр наадмын төсвийг олон нийтэд тараах хэрэгтэй байсан. Бидний амьдрал хүнд байна. Уг төсвийг бидэн шиг хүмүүст зориулах хэрэгтэй” гэж өөр нэгэн иргэн хэлжээ. 


ОХУ, БНХАУ-тай хил залгаа оршдог Монгол Улсад одоогийн байдлаар коронавирусний халдварын 227-хон тохиолдол илэрч, халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа боловч хилийн хатуу хяналтаа үргэлжлүүлсээр байгаа нь хилийн чанадад гацсан иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа ажээ. Тус улсад сүүлийн өдрүүдэд зарим хязгаарлалтыг сулруулж, кинотеатр, шөнийн клубийг цагийн хязгаартайгаар нээхийг зөвшөөрсөн хэдий ч улс төрийн жагсаал, спортын тэмцээнийг хориглосон хэвээр байна. 

Холбоотой мэдээ