С.Баясгалан: Дотоодын аялал жуулчлалаас 220 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулах боломжтой

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-13 18:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ энэ онд аймаг, орон нутагт болох уламжлалт "Адуун баяр", "Сарлагийн баяр" зэргээс гадна аялал жуулчлалыг татах шинэлэг үзвэр үйлчилгээ зохион байгуулах хүсэлтийг УОК-т тавиад байна. Энэ нь "COVID-19"-ийн хөл хорионоос зогсоод буй аялал жуулчлалын салбарыг дотооддоо сэргээх боломжийг бүрдүүлнэ хэмээн үзжээ. Энэ талаар БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалангаас тодруулав. 


-Олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглоод буй нөхцөлд танай яамнаас яг ямар хүсэлт тавив? 

-Өнөөдөр "COVID-19"-ийн цар тахлын халдварын нөхцөлд хамгийн их өртөөд буй нь аялал жуулчлалын салбар. Он гарснаас хойш эхний 5 сарын байдлаар гадаадын жуулчдын урсгал 90 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч дотооддоо, орон нутагт ажиллаж байгаа ААН-үүдээ дотоодын жуулчдын урсгалыг нэмэх замаар  дэмжих боломж байгаа гэж бид үзэн, УОК-д бид санал хүргүүлээд байна. 

Тодруулбал, энэ оны сүүлийн хагаст хийх аялал жуулчлалын эвэнтийг "COVID-19"-ийн цар тахлын үеийн хорио цээрийн горимтой нийцүүлээд ариутгал, халдваргүйжүүлэлтийн өндөр шаардлага дор зохион байгуулах боломжийг олгож өгөхийг хүсэж байгаа. Ингэснээр бид тухайн орон нутгийн иргэдийн амжиргааг дээшлүүлэн, тэр нутгийг зорьж байгаа жуулчдын тоог нэмнэ. 


Мөн ААН-үүдийн орлого нэмэгдэнэ. Хамгийн гол давуу тал нь 2020 онд "COVID-19"-тэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулиуд карентилагдаж удаан хугацаагаар хичээллэхгүй байгаа энэ үеээр сургуулийн хүүхдүүдэд монгол ёс заншлаа өвлүүлж, байгаль дээр нь  үзүүлж танилцуулах боломжийг энэ онд зохиохоор төлөвлөсөн үйл ажиллагаанууд олгох юм.

-Тодруулбал ямар ямар үйл ажиллагаа зохиох вэ? 

-Энэ сараас эхлээд 9 дүгээр сар хүртэл 22 орчим арга хэмжээ орон нутагт зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Жишээ нь, 8 дугаар сарын эхээр Архангай аймагт ''Адууны баяр'' болдог. Өвөрхангай, Баянхонгор аймагт ''Сарлагийн баяр'' зохион байгуулдаг. Аймаг, орон нутгийн онцлогт тохирсон арга хэмжээг энэ жилдээ тасралтгүй зохион байгуулах хүсэлтэй байгаа.

2019 онд дотоодын жуулчдын урсгал давтагдсан тоогоор нэг орчим сая байсан дээрээс нь дотоодоос гадагшаа аялж байгаа тоо давхардсан тоогоор 2.4 сая байсан. Эндээс харахад монголчуудын аялах сонирхол харьцангуй нэмэгдэж байгаа гэж үзэж болно. Энэ нь "COVID-19"-ийн хөл хорионд удаан хугацаанд байснаас гадна зуны урин дулаан цаг болж байгаатай холбоотой. 


Бидний тооцоолсноор 7 дугаар сараас он дуустал дхамгийн багадаа 500 орчим мянган дотоодын жуулчин аялна гэж үзэж байгаа. Иргэд аялахдаа өдөрт дунджаас 50-80 мянган төгрөг зарцуулна гэж үзэхэд 220 орчим тэрбум төгрөгийг 21 аймгийн эдийн засагт оруулах боломжтой.

Тиймээс бид зөвхөн аялал жуулчлалаараа танигдсан Архангай, Хөвсгөл, Өвөрхангай гэсэн дэд бүтэц холбогдсон, аялах боломжтой аймгууд руу биш 21 аймаг руугаа аялах мэдээллийг жигд тараах үүднээс хувийн хэвшлийн компаниудтай нийлэн гар утасны "FeelMongolia" аппликэйшныг нээс. Эндээс 21 аймгийн аяллын маршрут, 500 зочид буудал, тур баазын мэдээллийг нэг дор авах боломжтой. Ингэснээр бид аймаг болгонд аялал жуулчлал, эдийн засгийн үр өгөөжийг жигд байлгах зорилготой байна. 


Б.Болд. О.Сэрүүнээ

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ