ОХУ-ын Ерөнхийлөгч Монгол Улстай байгуулсан стратегийн түншлэлийн гэрээг соёрхон баталжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-14 14:03:38

МОСКВА. /Ria Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ, Монгол Улсын найрсаг харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээг соёрхон батлах тухай хуульд долоодугаар сарын 13-нд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын хуулийн албан ёсны цахим хуудас мэдээлэв.  


Уг гэрээнд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.



Гэрээнд заасны дагуу талууд бие биенээ найрсаг, тэгш, бүрэн эрхт тусгаар улс гэж үзэх бөгөөд харилцан итгэлцэл, түүхэн уламжлалт сайн хөршийн харилцаа, иж бүрэн стратегийн түншлэл болон харилцан ашигтай бүх талын хамтын ажиллагааны үндсэн дээр хамтран ажиллана.


Мөн иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд талууд улс төр, батлан хамгаалах, аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, санхүү болон хөрөнгө оруулалт, дэд бүтэц, тээвэр болон зам харилцаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хүмүүнлэгийн харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан-техник, экологи, эрүүл мэнд, эрүүл ахуй-тахал судлал болон хоёр талын ашиг сонирхлыг төлөөлөх бусад салбарт хамтын ажиллагаагаа тогтвортой, урт хугацаанд хөгжүүлнэ.


Энэхүү гэрээг ОХУ-ын парламентын доод танхим болох Төрийн Дум зургаадугаар сарын 23-нд, парламентын дээд танхим буюу Холбооны улсын Зөвлөл долоодугаар сарын 8-нд баталсан юм. 

Холбоотой мэдээ