Монгол Улс баяр наадмаа хаалттай зохион байгууллаа

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.gov.mn
2020-07-14 21:29:01
twitter.com/Nyamkanmk

УЛААНБААТАР. /AGENCE FRANCE-PRESSE/. Монгол Улс коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс үндэсний их баяр наадмаа өнгөрсөн бямба гарагт үзэгчгүйгээр зохион байгууллаа. Тус улс 800 жилийн түүхэндээ анх удаа наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулж байгаа нь энэ юм.


Нийслэл Улаанбаатар хотоос зайдуухан байрлах цогцолборт эрийн гурван наадам буюу бөх, сур хавраа, морин уралдаан болжээ. Энгийн үед наадмаар хэдэн арван мянган үзэгч, худалдаачид цугладаг боловч энэ жилийн наадмаар улс төрчид гэх мэт цөөн тооны зочид цогцолборт нэвтрэх эрх авчээ. Харин зөвшөөрөлтэй хүмүүсээс бусад энгийн иргэдийг коронавирусний тархалтаас сэргийлэх зорилгоор цагдаа нар цогцолборын үүднээс буцааж байв.


ОХУ болон БНХАУ-тай хил залган оршдог Монголд одоогийн байдлаар халдварын 227-хон тохиолдол бүртгэгдсэн хэдий ч эрх баригчид хилийн хоригоо цуцлаагүй юм. Эрх баригчдын энэхүү шийдвэр хилийн чанадад гацсан монголчуудын эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.


Энэ жилийн баяр наадмын үеэр зай барих арга хэмжээ аваагүйн зэрэгцээ маск зүүгээгүй. Харин унаач хүүхдүүдийн халууныг шалгажээ.


Өдгөө 55 настай, гудамжинд худалдаа эрхэлдэг Э.Бадам “AFP” агентлагт ярилцлага өгөхдөө, “Засгийн газар наадамд мөнгө хий дэмий зарж байхаар бэлэн мөнгө тараах хэрэгтэй байсан юм. Хоол хүнсээ авахад хүндхэн л байна” гэж хэлжээ.


Харин Улаанбаатар хотын оршин суугч 27 настай Э.Нэргүй хэлэхдээ, “Энэ жилийн наадамд сэтгэл дундуур байна. Морины уралдаан гээд бид юу ч үзэх боломжгүй. Харин эрх баригчид тэнд наадмаа үзээд таалан суух боломжтой” гэв.


Монгол Улс сүүлд коронавирустэй холбогдуулан авсан арга хэмжээгээ сулруулж, кино театр болон шөнийн клубуудыг хязгаарлагдмал цагаар ажиллуулах болсон хэдий ч улс төрийн эсэргүүцэл, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг хориглосон хэвээр байна.


Холбоотой мэдээ