Иргэд амарч зугаалахдаа ч аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-16 13:31:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид өнгөрсөн амралтын өдөр Туул голын эрэг дагуу ажиллалаа.


Тодруулбал, онцгой байдлын аврах ангийн алба хаагчдын хамт голын эрэг дагуу амарч зугаалж буй иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангуулах талаар заавар зөвлөмж өгч, нөхцөл байдлыг шалгав.

Энэ жил нийслэлд 18 хүн усанд живж амь насаа алдсанаас 6 хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж мөн энджээ. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгсөн юм.


Тэрээр,  “Баяр наадмын өдрүүд гэлтгүй зуны цагт амралтын өдрүүдээр голын эрэг дагуу амарч зугаалах нь нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч гол усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлэг өгөх нь чухал байна. Мөн амарч зугаалахдаа хогоо ил задгай хаяж байна.Тиймээс нийслэлийнхэн эрсдэл дэргэд бий гэдгийг ухамсарлаж, хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриалж байна” гэв.


НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг өнгөрсөн 6 дугаар сарын 10-наас 9 дүгээр сарыг дуустал ажиллуулж байна. Иргэдийг голын эрэг дагуу амарч зугаалахдаа зөв боловсон байж, архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ