Баянгол дүүрэгт 720 хүүхдийн сургууль ирэх сард ашиглалтад орно

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2020-07-16 15:15:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр баригдаж буй 149 дүгээр сургууль болон Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр шалгажээ.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд шинээр нийт 720 хүүхдийн хүчин чадал бүхий 149 дүгээр сургуулийг барьж байгаа ажээ.  Барилгын ажлыг 2018 оны 8 дугаар сараас эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх сарын 16-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.  

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл нь 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. “Хангайн хятруу” ХХК 2019 оны 6 дугаар сараас эхлэн цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар барилгын ажлыг 100 хувь дуусгасан  бөгөөд энэ сард багтаан хүлээлгэж өгөхөөр болсон байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Улаанбаатар хотод энэ онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар 105 сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төв баригдахаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар зургаан сургууль, цэцэрлэгийн барилгыг хүлээн аваад байна. Нийслэл хотод дөрвөн сургуулийг шинээр барих, өргөтгөх ажлуудыг эхлүүлсэн. Үүний нэг болох 149 дүгээр сургууль нь олон улсын жишигт нийцсэн, чанар стандартын шаардлага хангасан, тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч боловсрох боломжтой анги танхим, орц, гарцыг хийж өгснөөрөө онцлог юм” гэв. 

Холбоотой мэдээ