ЭМГЭНЭЛ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-07-16 17:30:03

ЦЭРЭНБАЛЖИРЫН ДАВААЖАВ

(1946-2020)

              

МОНЦАМЭ агентлагийн ахмад орчуулагч, улс төрийн тоймч, бидний дотнын хүн, хайрт аав, хань, хамтран зүтгэгч Цэрэнбалжирын Даваажав 2020 оны долдугаар сарын 13-ны өдөр хүнд өвчний учир таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.


Ц.Даваажав нь 1946 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрж бага, дунд сургууль, улмаар 1969 онд УБДС-ийг орос хэлний багшийн мэргэжлээр төгсчээ. 1969-1970 онд УБДС-д багшилж, 1970 оны наймдугаар сараас мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Гадаад мэдээний редакцид орчуулагч-редактор, Хариуцлагатай редактор, улс төрийн тоймчоор 40 шахам жил ажилласан манай туршлагатай ажилтны нэг байв. 


Тэрбээр улс хоорондын гэрээ, хэлэлцээр, олон улсын хэмжээний их хурал, чуулга уулзалт, чуулган, гадаад улсуудын төрийн тэргүүн нарын өндөр хэмжээний айлчлалын материал зэрэг олон улсын харилцааны чухал ач холбогдолтой томоохон баримт бичгүүдээс гадна олон улсын хэмжээнд өдөр тутам болж буй үйл явдлын нэн өргөн сэдэвтэй мэдээнээс хамгийн чухлыг нь шилж сонгон  эх хэлнээ утга төгс, яруу найруулгатайгаар орчуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан  уншигч, сонсогч, үзэгчдэд хүргэх хариуцлагатай ажлыг олон жилийн турш хичээл зүтгэлтэй гүйцэтгэж ирсэн юм.


Үүний зэрэгцээ олон улсын тавцанд өрнөж буй онцлог үйл явдлуудын тухай тойм, тайлбар бичиж, тухайн үйл явдлын учир шалтгаан, цаашдын төлөв байдлыг дэлхийн олон нийт, Монгол Улс хэрхэн үзэж байгаатай холбон тайлбарлаж, олон нийтэд хүргэх, үүнтэй холбогдуулан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг таниулан сурталчлахыг зорин ажиллаж байв. Ц.Даваажав нь 1970-1990-ээд оны үед гарч байсан “Үнэн”, “Залуучуудын Үнэн”, “Хөлдөлмөр”, “Улаан-Од” гэсэн цөөн тооны сониноос эхлээд эдүгээ үеийн өдөр тутмын олон сонинд олон улсын амьдралын сэдвээр хэдэн арваар тоологдох тойм, тайлбар, өгүүлэл бичиж олон түмэнд танигдсан улс төрийн тоймч байсан юм. 


Ц.Даваажав нь улс төрийн тоймчийн хувьд Монголын радиогийн долоо хоног тутмын “Орчин үе, олон улсын байдал”, сар тутмын “Тоймчдын дугуй ширээний яриа” нэвтрүүлэг, нийслэлийн “Улаанбаатар” радиогийн “Дэлхий өнгөрөгч долоо хоногт” хөтөлбөр, Монгол телевизийн “Олон улсын байдал”, “Хүж дэлхий”, “Өнөөдөр” зэрэг нэвтрүүлэг, мөн “25 дугаар суваг”, “ТВ-9”, “Ийгль” телевизийн нэвтрүүлэгт оролцож олон улсын үйл явдлыг тайлбарлан үзэгч олонд хүргэдэг байв.


Ц.Даваажав нь олон улсын байдлыг ажиглагчид, сонирхогчдод зориулан “Олон улсын хурцадмал асуудлууд: Үүсэл, шалтгаан үр дагавар” /2006/, “Олон улсын харилцааны асуудлаарх товч лавлах” /2010/ ном бичсэний зэрэгцээ В.Распутины “Түймэр”, Ж.Аленкарын “Ирасемийн үнэн хайр”, Ч.Диккенсийн “Зул сарын магтуу”, Х.Андерсоны үлгэрийн эмхэтгэл “Шүдэнз худалдагч охин”, К.С.Льюисын “Үүрээр аялагч Нарниа”, В.Ирвингийн “Нойрмог хөндийн домог”, Р.Киплингийн “Шидэт дагинын бэлэг”, “Лус савдаг, газрын эздийн домог”, “Далд ертөнцийн домог”, “Дорно дахины домог”, “Викинг, Галлийн домог” болон Л.Млечиний “Ленин”, Е.Примаковын “Дэлхий ертөнц есдүгээр сарын 11-нээс хойш” (хамтран), Д.Трампын “Тэрбумтан шиг сэтгэ”, Л.Фредриксийн “Мөнгө гуйх урлаг”, Д.Трампын “Хөгжил дэвшилд хүрэх эхний 90 хоног”, Ж.Фоксын “Хэрхэн шилдэг удирдагч болох вэ?”, В.И.Лениний зохиолын 4, 5, 12 дугаар боть зэрэг уран зохиол, улс төр, нийтлэл, эдийн засаг, бизнесийн 40 гаруй ном, зохиолыг орчуулсан чадварлаг орчуулагч байсан юм.


Ц.Даваажавын хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Хэвлэл, мэдээллийн тэргүүний ажилтан”, “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиуд, “Алтан гадас” одонгоор тус тус шагнан урамшуулжээ. Мөн МОНЦАМЭ агентлагт олон жил үр бүтээлтэй ажиллахдаа байгууллагын хөдөлмөрийн аваргаар удаа дараа шалгарч, агентлагийн дээд шагнал “Алтан дүрмийн эзэн”-ээр шагнуулж, байгууллагын “Хүндэт дэвтэр”-т нэр нь бичигдэж үлдсэн юм.


Талийгаачийн эгэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


Ум сайн амгалан болтугай.


МОНЦАМЭ агентлагийн хамт олон, Ахмадын зөвлөл, 

Талийгаачийн гэр бүл, хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд

Холбоотой мэдээ