Ё.Бадрал: Хөрөнгө босгогч нь мотоциклоо байгаль хамгаалагч нарт өөрөө хүргэж өгдөг сайхан уламжлалтай

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-20 17:26:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дунд сургуулийн сурагчдад байгаль хамгаалал, экологийн чиглэлээр боловсрол олгож буй ТББ-ын нэг нь "Монгол Экологи төв" юм. Түүнээс гадна тус төв байгаль хамгаалагч нарт техник хэрэгслээр туслаж, тэднийг дэмжих “Rally for Rangers” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж буй нь олон улсад түгжээ. Тодруулбал, эднийх Монголынхоо байгаль хамгаалагч нарыг мотоциклоор хангахаас гадна Аргентин, Балба, Бутан зэрэг орны байгаль хамгаалагч нарт мотоцикл нийлүүлж байна. Энэ талаар тус төвийн гүйцэтгэх захирал Ё.Бадралаас тодрууллаа. 

-Та бүхэн байгаль хамгаалагч нарт хэрхэн яаж туслаж байна вэ? “Rally for Rangers” хөтөлбөрийн санаа анх хаанас, яаж гарав? 

-Манай хөтөлбөр 2014 онд 15 мотоциклийг Хөвсгөлийн байгалийн цогцолборт нийлүүлснээр эхэлсэн. Өнгөрсөн онд Ховд аймгийн Хар ус нуур болон Мөнххайрханы байгалийн цогцолборт газарт мөн 15 мотоцикль нийлүүлж хүргэж өгсөн. Энэ жил зүүн аймгууд руу чиглэж, Дарьганга болон Нөмрөгийн байгалийн цогцолборт газарт аянаа үргэлжлүүлнэ. "COVID"-ын цар тахлаас болж төлөвлөсөн ажил түр саатаж хойшлогдоод байгаа. 


Харин олон улсад 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Аргентины байгалийн цогцолборт газраас бидэн рүү ярьж танай хөтөлбөрийн дагуу мотоцикль олж өгч нийлүүлээч гэсэн хүсэлтийг бидэнд тавьсан юм. Үүнд бид өөрсдийгөө чамлалгүй, Монголын нэг ТББ энэ ажлыг яагаад хийж болохгүй хэмээн оролдоод үзсэн. Ингээд Аргентинд 2018 онд 15 мотоцикль нийлүүлсэн. Улмаар олон улс дахь үйл ажиллагаа маань өргөжиж өнгөрсөн онд Балбад мөн 15 мотоцикль хүргэж өгсөн. Энэ жил Бутанд нийлүүлэхээр мөнгө босгохоор ажиллаж байна. 

-Энэ хөрөнгө мөнгийг яаж босгож байна вэ?

-Тухайн байгалийн цогцолбор газрын байгаль хамгаалагчдыг хөрөнгө оруулж, мөнгө босгох хүн юм уу байгууллагатай нь шууд холбож өгдөг. Мөнгө босгож буй хүн нь хөрөнгө оруулах газрынхаа, тухайлбал, манай улсад мотоцикль өгөх гэж байгаа бол Монголын тухай судалж, танилцдаг. Ингэснээр тухайн байгалийн цогцолборт газар болон тэнд ажиллаж буй байгаль хамгаалагчдын талаар жил гаруй хугацаанд нэг ёсондоо сурталчилгаа явуулдаг. 

Ийм "үүрэг" хүлээсэн хөрөнгө оруулагч маань Монголд ирхэд бид өгөх мотоциклийг урьдчилж худалдан авч Улаанбаатарт бэлдээд угтдаг. Нөгөө хүн маань шинэ мотоциклиэ 9-10 хоног унаад байгаль хамгаалагч нарт өөрөө хүргэж өгдөг онцлог бүхий сайхан уламжлалттай. Энэ нь хүмүүсийн хооронд дотно сайхан харилцаа үүсгэдэг. Анх 2014 онд мотоцикл нийлүүлж байсан хөрөнгө оруулагчид маань одоо хүртэл байгаль хамгаалагчидтайгаа харилцаатай байдаг. 

-Анх гарсан санааны хувьд?

-Манай байгууллага эх орныхоо байгалийн тусгай хамгаалалттай газруудын үйл ажиллагаа, хүн хүчийг чадавхжуулья гэсэн санаан дээр бий болсон. Манай төвийг АНУ-д их сургууль төгссөн Б.Өнөдэлгэрэх анх санаачилан үндэслэн байгуулсан юм. Биднийг анх ажлаа эхлэхэд “Rally for Rangers” шиг ийм хөтөлбөр байгаагүй. 

Орон нутагт судалгаа хийж, байгаль хамгаалагч нартай ярилцаж байхад тэд, "Бид дуудлагаар явлаа гэхэд заримдаа мотоцикл эвдрээд хэцүү байдалд ордог" гэж байсан. Нэг байгаль хамгаалагч хангайн бүсэд дунджаар 70-80 мянган га, говийн бүсэд 100-120 мянган га газар хариуцдаг. Тэр том газрыг нэг хүн хамгаалах боломжгүй. Улсаас тавьж өгдөг унаа гэж тэр үед байгаагүй. Ердийн хөсгөөр өөрсдөө тойрдог, өөрийн мотоциклоор явбал сард 15 мянган төгрөг өгдөг, авдаг ийм л хэцүү байдалд ажилладаг юм билээ.

Эндээс бид санаа аваад хэдийгээр жижигхэн ТББ ч гэсэн ер нь газар дээр нь ажиллаж буй хүмүүст тусалья. Ядаж нэг мотоциклын мөнгө босгоё гэж анх ярилцаж байснаа,  Хөвсгөл нуур дээр ажилладаг бүх байгаль хамгаалагчид авч өгье гэж шийдэхэд 15 мотоцикл хэрэгтэй болсон. Хямдыг нь бодвол хятад мотоцикл байж болно. Гэхдээ удаан хугацааны эдэлгээтэй эд байх ёстой. Байгаль сүйтгэж буруу юм хийж байгаа нөхдөөс илүү хүчтэй техник, мотоциклтой байх хэрэгтэй гэж үзэн судалж байгаад "YAMAHA-AG200" мотоциклыг сонгосон.


Мотоцикл авах мөнгийг анх яаж босгохоо мэдэхгүй байсан. Мотоцикл сонирхдог хүмүүст хандвал зүгээр байх гэж бодоод Америкт байдаг мотоциклын клубүүдээр явсан. Америкийн “Chearleader” шиг бүжгийн видео хийж цацахад найз нөхдүүдээс эхлээд хүмүүс 5-10 доллар өгч эхэлсэн. Эхний жилийн 15 мотоциклийг авахад 70-80 мянган ам.доллар хэрэгтэй болж, түүнийг босгох ёстой гэж тал талаасаа янз бүрийн аргаар хөөцөлдөж байсан. Одоо ингээд анхны зорилго, үйл ажиллагаанаасаа хальж, дэлхийн олон оронд байгаль хамгаалагч нарт туслах аян боллоо. 

-Балба улсын байгаль хамгаалагч нарт хэрхэн тусалж мотоцикл нийлүүлсэн бэ?

-Дэлхийн Байгаль хамгаалагчдын холбоо өнгөрсөн онд Балба улсад Их хурлаа хийсэн юм. Энэ үеэр тус холбооноос бидэнтэй холбогдсон юм. Их хуралд манай улсаас байгаль хамгаалагч нар оролцсон. 70 орчим орны 600 гаруй төлөөлөгч оролцсон. Ийм олон хүн цугласан хурал дээр очоод Балбын байгаль хамгаалагчдад 15 мотоцикл өгсөн. Энэ ажиллагаа маань нэлээн яригдаж, тэр үед бидний хувьд Монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэгдэл төрж байсан.

-Тэгвэл “Rally for Rangers” хөтөлбөрт манай монголчууд хэр оролцдог вэ?

-Монголын байгууллагууд тэр бүр оролцоод байдаггүй. Анх биднийг ийм зүйл яриад явахад хүмүүс ойлгодоггүй байсан. Одоо бол "Протек", "Петровис" компаниуд оролцоод, манай ТББ-ын Удирдах зөвлөлд монгол залуучууд орж ирж, бүгдийнх нь дэмжлэгээр явж байна. "Протек" компани анхнаасаа бидний ажлыг дэмжиж, 2 дахь жилээс нь мотоцикл хандивлах, механик талын зарим ажлыг үнэ төлбөргүй хийж өгөх зэргээр дэмжиж ирсэн. "Петровис" компани шатахуун нийлүүлж өгдөг. Ер нь бол монголчууд бид нэг санаан дээр нэгдэх юм бол хийж чадахгүй юм байхгүй гэж боддог. Тус тусдаа уулзаад ярихаар, "Эх орныхоо энэ сайхан байгалийг энэ хэвээр нь байлгамаар байна. Хог хаямааргүй байна" гэдэг ч яг хөдлөхөөр болохоор манайханд бас нэгдэж чаддаггүй дутагдал бий. 

-“Rally for Rangers” хөтөлбөрөөсөө санаа аваад танайх аялал жуулчлалыг байгаль хамгаалахтай хослуулах зорилго бий юу?

-Би аялал жуулчлалын ажил хийдэг байсан. Аялал жуулчлалын бизнесээсээ энэ сайн үйлсийн ажилд орох боломж бий болсон юм. Хүн байгалийн сайхан, үзэсгэлэнтэй газруудыг үзэхийн тулд аялдаг. Тэр бүх газрууд маань тусгай хамгаалалттай газрууд байдаг. Бодит байдал нь ийм юм чинь аялал жуулчлалыг зөв хэлбэрээр, зөв голидролд нь оруулах ёстой гэсэн чиглэлээр ажиллаж байна. Хүмүүс эх орондоо хайртай гэж цээжээ дэлдээд гүйгээд байх уу, эсвэл аялсан газраа хог хаяхгүй байх нь чухал уу гэдэг талаасаа аялал жуулчлалын салбарынхантай тулж ажилладаг.

Энэ жил гаднаас ирэх жуулчин байхгүй, монголчууд эх орноороо аялж байна. Аяллын талаар янз бүрийн аян өрнөж байна. Үүнийг зөв чиглэл рүүгээ явж байна гэж харж байна.


Хамгийн түрүүнд хүн бүр ядаж хог хаяхгүй аялаад сурах хэрэгтэй. Энэ талын зөвлөгөө, мэдлэг мэдээллийг хүүхэд багачуулаас эхлэн өгч байна. Монголчуудын сэтгэлгээг өөрчлөхийн тулд хүүхдийн хөтөлбөрүүд хүчээ аваад явж байна. Нэг талаасаа томчуудад нөлөөлөх гэж хүүхдүүдтэй ажиллаж байна. Нөгөө талаасаа багаасаа тэр хүүхдүүд хэзээ ч хог хаяхгүй. Энэ талын экологийн боловсролын сургалтыг бид Европын холбооны санхүүжилт аван явуулж байгаа. 

-Манай улсад байгаль хамгаалах тал дээр юу дутагдалтай байна вэ?

-Америкийн тусгай хамгаалалттай газар ажиллаж байгаа хүмүүсийн 70 хувь нь мэдээллийн ажилтан байдаг. Тэдгээр хүмүүс иргэдэд байгаль орчиндоо болохгүй юм хийснийх нь дараа биш урьдчилаад мэдээлэл өгдөг байх үүднээс ажилладаг. Ингэхдээ хүмүүст байгаль орчноо яагаад хамгаалах ёстой юм гэдгийг, юуг хийвэл хууль бус үйлдэл болох гэдэг талаас нь сайн тайлбарлаж өгдөг учраас экологийн тал дээр зөрчил гарах нь бага байдаг. Тиймээс Монголд АНУ-ын энэ жишгээр байгаль хамгаалахыг зөвөөр тайлбарладаг мэдээллийн ажилтан хүмүүс олон баймаар байна, мэдээлжүүлэх ажлыг хангалттай сайн хиймээр байна.


С.Туул

Гэрэл зургийг Н. Батбаяр

Холбоотой мэдээ