"Ногоон зээл" хөтөлбөрөөр 40 тэрбумыг хөнгөлөлттэй олгоно

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-07-22 12:48:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын айл өрхийн иргэд цахилгаан халаагуур худалдан авах, гэр, байшин сууцаа дулаалах, жорлонгоо эко болгон шийдэхэд дэмжих зорилготой "Ногоон зээл" хөтөлбөр үргэлжилж байна. 

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос иргэдийн ногоон зээлийн худалдан авалтыг дэмжих зорилгоор зээлийн хүүгийн 50 хувийг тэглэх хэлбэрээр энэхүү хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжүүлж, энэ онд 40 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгохоор төлөвлөжээ.

Ногоон зээлийн хүүгийн татаас нь байгаль орчинд ээлтэй технологи руу буюу иргэд рүү, тэдний хэрэглээ рүү чиглэсэн бүтээгдэхүүн болон гарч байна. Тус зээлийн бүтээгдэхүүний санхүүжилтийг арилжааны банкууд өөрсдийн хөрөнгөөр гаргаж байгаа юм. Эхний 2 жил Төрийн банк болон ХААН, Хас гэсэн арилжааны 3 банкаар дамжин зээлийн хүүгийн татаасыг гарган олгосон. Эдгээр банкийг салбар олон, харилцагч ихтэй хэмээн сонгожээ. Иргэдийн ногоон зээлийн бүтээгдэхүүнд:

  • эрчим хүч хэмнэсэн цахилгаан халаагуур,
  • стандартын шаардлага хангасан гэрийн сайжруулсан зуухнууд,
  • гэр хорооллын бие засах газар, жорлонг шинэчлэх,
  • гэр, байшингийн дулаалга,
  • амины орон сууцны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,
  • мөн 100 хувийн цахилгаан хөдөлгүүртэй машин, бусад техник хэрэгсэл, 
  • цахилгаан дугуй, унадаг дугуй орж байна. 

Тэгвэл компани, ААН-үүдэд зориулсан бизнесийн "Ногоон зээл"-д:

  • байшин, гэр дулаалах материал үйлдвэрлэх юм уу худалдан нийлүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжинэ
  • нүүрсээр ажилладаг халаалалтын уурын зуухыг шинэчилж, цахилгаан болон хийн зуухаар солих, технологи, горимд нь өөрчлөлт оруулах, 
  • мөн халаалалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр буюу газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэргээр халаах техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, үйлдвэрлэхэд зориулан "Ногоон зээл"-ийг олгож байна.



Эдгээр нь хэдийгээр бизнесийн чиглэлийн боловч эргээд л иргэдэд очих үр өгөөжтэй юм. "Ногоон зээл"-ийн хөтөлбөр иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах хэтийн зорилготой учир хөтөлбөрийг цаашид иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхийн тулд "Ногоон зээл"-ийн хүүг 100 хувь бүрэн тэглэж чөлөөлөх талаар судалж байгаа аж. 


Холбоотой мэдээ