Төрийн албан хаагчдын дунд англи хэлний анхдугаар олимпиад явуулна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-22 20:02:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас аймгийн нийт төрийн албан хаагчдын дунд англи хэлний анхдугаар олимпиадыг зарлаад байна.

Энэхүү олимпиадыг зарлаж буй зорилго нь “Суралцагч байгууллага-Төрийн албаны манлайлал” аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цаашлаад төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд чиглэжээ. Тус олимпиадад аймаг, сумдын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагын төрийн албан хаагчид хамрагдах юм байна.  Олимпиадыг хоёр ангилалд, гурван үе шаттай зохион байгуулах аж. Тодруулбал 1-р шатанд англи хэлний ерөнхий мэдлэгийг шалгах 100 онооны бичгийн даалгаврыг гүйцэтгэх гэнэ. Энд 85 ба түүнээс дээш оноо авсан төрийн албан хаагчид дараагийн шатны уралдаанд оролцох эрх авах гэнэ. Харин 2-р шатанд өгөгдсөн сэдвийн хүрээнд 30 хүртэлх онооны эх бичих даалгавартай аж. Энэ даалгаврыг дүгнэхдээ гол агуулга, бүтэц, дүрмийн байдлыг харгалзан дүгнэх юм байна. Эндээс 21 ба түүнээс дээш оноо авсан төрийн албан хаагч дараачийн шатны шалгаруулалтад орох эрх авах гэнэ. Сүүлчийн 3-р шатанд асуулт, хариултын хэлбэрээр авах ярилцлага орох аж. Ингээд гурван шатны нийлбэр оноогоор хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогч шалгарч шагнал гардах аж. Тэргүүн байрт шалгарсан оролцогч 500 мянга, дэд байрт орсон нь 300 мянган төгрөгийн шагналтай ажээ. Олимпиадад оролцогчдыг ирэх 9-р сарын 1-ний өдөр хүртэл аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн бүргэх юм байна. Олимпиадыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БСУГ, англи хэлний мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулах юм байна.  

 

 

Холбоотой мэдээ