МУИС-ийн 60 багш, ажилчин орон сууц эзэмших эрхийн бичиг гардлаа

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-22 16:32:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад түрээслүүлж байсан ОХУ-ын өмчлөлийн 8 байрнаас МУИС-ийн багш, ажилчдад хуваарилав. Тэдэнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас өнөөдөр орон сууц эзэмших эрхийн бичгийг гардууллаа. 

Тодруулбал, 1991 оноос хойш Монгол Улсад түрээслүүлж байсан ОХУ-ын өмчлөлийн орон сууцыг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээгээр удаан хугацаанд түрээслэн эзэмшиж байсан иргэдэд үнэ төлбөргүй хувьчлах нөхцөлтэйгөөр Монгол Улсад шилжүүлээд байгаа.   

Засгийн газрын энэ оны 6 дугаар сарын 1-ний тогтоолоор орон сууцны дээрх байруудыг түрээслэн эзэмшиж байсан нэр бүхий 550 иргэнд хувьчлах шийдвэр гарсан. Уг шийдвэрт МУИС-ийн багш ажилчид хамрагдаад байна. 


Өнөөдөр болсон орон сууц эзэмших эрхийн бичиг гардуулах үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ хэлэхдээ, “Эрхийн бичиг гардсан хүмүүст нийслэлийн орон сууц хувьчлалын товчоонд холбогдох материалыг бүрдүүлэн үл хөдлөхийн гэрчилгээг авах ажил үлдэнэ. Сууц өмчлөх эрхийн бичиг гардснаар орон байраа захиран зарцуулах, өмчлөх, өвлүүлэх, бусдад худалдах, барьцаалах бүрэн эрхтэй юм” гэв. 

Тэрээр, хоёр улсын хооронд эхний ээлжинд ОХУ-ын эзэмшлийн 8 байрыг шилжүүлсэн бөгөөд үлдэж буй бусад 14-15 үл хөдлөх хөрөнгө, орон сууцыг Монгол Улсын өмчлөлд шилжүүлэх ажлыг үе шаттай шийдвэрлэнэ гэв. 


С.Туул

  Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ