Жендерт суурилсан хүчирхийллийн талаар цахим уулзалт болно

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2020-07-22 18:33:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас “COVID-19” цар тахлын үед жендерт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар цахим уулзалтыг  маргааш буюу энэ сарын 23-ны 10 цагт зохион байгуулах болжээ.  

Энэхүү цахим уулзалт нь цар тахал Монгол болон дэлхий дахинд охид эмэгтэйчүүдийн эрх аюулгүй байдал, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөж буйг мэдэхийг хүссэн хүн бүрт нээлттэй. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй хүмүүс https://unfpa.zoom.us/j/94352841520 холбоосоор холбогдох боломжтой юм.

Уулзалтад, ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа, Монгол дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол дахь Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава, Суурин төлөөлөгч А.Илиза  нар оролцох юм.

НҮБ-ын Хүн амын сангаас хийсэн олон улсын судалгаанд дурдсанаар цар тахлын тусгаарлалт ирэх 6 сарын турш үргэлжилбэл дэлхийн эрүүл мэндийн салбарт ихээхэн гарз хохирол учирна. Мөн бага болон дундаж орлоготой орны нийт 47 сая эмэгтэй жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомстолд орж, цаашлаад 7 сая эмэгтэй хүсээгүй жирэмслэлтийн тохиолдол бүртгэгдэж болзошгүй гэсэн судалгаа гаргажээ.

 

 

Холбоотой мэдээ