Гурван айл тутмын нэгний цалингийн орлого буурчээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-23 13:38:17

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Цалин авч буй хөдөлмөр эрхлэгчид, тэр дундаа тогтмол цалинтай ажилтнууд "COVID-19"-ийн цар тахлын нөлөөлөлд харьцангуй бага өртжээ. Гэсэн хэдий ч 3 айл тутмын нэгний өрхийн цалингийн орлого буурсныг ҮСХ, Дэлхийн банкнаас мэдээллээ. 

"COVID-19"-ийн цар тахлын нийгэм дэх нөлөөллийг тодорхойлох судалгааг өрхийн амьжиргаад суурилан хийжээ. Судалгааны тайланд дурдахдаа, "Монгол Улс улс коронавирусний халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс шуурхай, шийдэмгий авч ирсэний үр дүнд тус улсад коронавирусний батлагдсан тохиолдол цөөн байна. 

Гэсэн хэдий ч цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл удаан үргэлжилж, улмаар ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст хүндээр нөлөөлж магадгүй учраас нийгэм, эдийн засгийн байдлыг хянах цаг үеээ олсон мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлага тулгарсан"-ыг онцолжээ.


Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй байна


Тайланд мэдээлэлд:

  • Өрхүүдийн дөрөвний 3, тэр дундаа ядуу өрхүүдийн (2018 оны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны үеэр ядууд багтаж байсан айл өрхийн) 85 хувь нь нэгдүгээр сарын сүүлчээс хойш тодорхой хэмжээнд цочролд өртсөн,
  • Өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон,
  • Өрхүүдийн 7 хувь нь ХАА-н бус бизнесээ хаахад хүрсэн,
  • Өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнийг дурджээ. 

Ядуу давхаргын айл өрхөд хүнсний баталгаат байдал ноцтой асуудал болж байна. Тэдгээр өрхийн тэн хагас шахам хувь нь мөнгөгүй, эсвэл үнийн өсөлтийн улмаас сүүлийн 30 хоногт хүнс хоолтой золгоход санаа зовж буйгаа илэрхийлжээ. Дөрвөн өрх тутмын 3 нь хүнсний үндсэн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөнд автжээ.

  • Дөрвөн ядуу өрх тутмын нэг нь (23 хувь) дараа 7 хоногийн хүнсний олдцын талаар санаа зовнилоо илэрхийлсэн,
  • Өрхийн санхүүгийн асуудал түгшүүртэй байгааг мэдэгдсэн,
  • Өрхүүдийн 40 хувь, ялангуяа ядуу өрхүүд (53 хувь) дараа сарын санхүүгийн байдалдаа санаа зовниж байна.

Сургуулийн хүүхэдтэй дөрвөн өрх тутмын 3-ых нь хүүхдүүд зайн сургалтын теле хичээлд хамрагджээ. Энэхүү сургалтын үйл ажиллагааны тухайд ерөнхий сэтгэл ханамж өндөр байгаа боловч ихэнх хүүхдэд өрхийн гишүүдийн тусламж хэрэгтэй байв.

Цар тахлын үеэр эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээнд ноцтой тасалдал ажиглагдаагүй байна гэжээ.

Холбоотой мэдээ