Сэлэнгэ нутгийн түүхэнд онцлохоос аргагүй дөрвөн эрхэм бий гэв

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-07-24 16:09:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.1911 он,1921 оны үндэсний хувьсгалаас хойшхи 110 шахам жилийн хугацаанд Сэлэнгэ нутгаас Монгол төрийн ноён нурууг түшилцсэн түүхэнд мөнх үлдэх цөөхөн хүмүүс байдаг байна.

Тэдний хамгийн анхных нь Эрдэнэ засаг хошой чин ван Мижиддоржийн Намсрай юм. Тэрээр Эрдэнэвангийн хошууны Засаг ноён байсан бөгөөд Богдхааны үед Монгол Улсын анхны Шүүх яамны сайдаар ажиллаж, шинэ төрийн хууль цаазыг гардан гүйцэтгэж явсан аж. Мөн 1921 онд Ардын засгийн газрын таван шадар сайдын нэгнээр томилогдсон гавьяатай нэгэн юм. Хоёр дахь нь БНМАУ-ын Бага Хурлын дарга, анхны АИХ-ын дарга, домогт партизан, хурандаа Гончигийн Бумцэнд гуай юм. Түүний нөмөр дор монголын төрт ёс жаяг ёсоороо явсан гэдэг. Гурав дахь нь Монгол Улсын Их хурлын дэд дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд, Сангийн сайд, Байгаль орчны сайдаар ажиллаж явсан Сангажавын Баярцогт юм. Түүний нэртэй Монгол Улсын шинэ үндсэн хууль, төрийн ордоны өмнөх Чингис хааны хөшөө дурсгалууд салшгүй холбоотой аж. Дөрөв дэх нь Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажилласан Жаргалтулгын Эрдэнэбат аж. Түүний нэртэй 2016-2017 оны Монгол улсын эдийн засгийн эрчимтэй сэргэлт салшгүй холбоотой юм. Түүхийн алтан жимээр явж бурханы орноо одсон М.Намсрай, Г.Бумцэнд нарын шийрийг хатааж яваа хүмүүс бол яалт ч үгүй Ж.Эрдэнэбат, С.Баярцогт нар аж.

"Түүхийн гэгээн хуудсанд дээрх дөрвөн эрхэм мөнх үлдэх нь дамжиггүй. Бахархан омогшиж явах хүмүүс Сэлэнгэчүүдийн хувьд олон ч гэлээ төрийн ноён нурууг тэгшилцэж явсан энэ дөрвөн эрхэмийг онцлохоос өөр аргагүй" хэмээн МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн гуай хуучиллаа.  



Холбоотой мэдээ