Б.Ууганбаяр: Тусгаарлах байранд зөрчил нэмэгдэж байна

Монгол Улсын тухай | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-24 16:13:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай штабын өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяраас тусгаарлах байранд гарч буй зөрчлийн талаар тодрууллаа.


-Гадаадаас ирсэн иргэдийн 21 хоног тусгаарлаж байгаа. Өнөөдрийн байдлаар, тусгаарлах байруудад хэчнээн хүн байна вэ?


-Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотод тусгаарлах байранд 2197 хүн байна. Орон нутагт 558 хүн байгаа. Нийт 2700 гаруй иргэнийг тусгаарлан ажиглаж байна.


-Тусгаарлах байранд байгаа иргэд хөл хорионы дэглэм зөрчиж байгаа тухай мэдээлэл гарах болсон. Ямар байдлаар дэглэм зөрчиж байна вэ? 


-Сүүлийн үед тусгаарлах байранд зөрчил их нэмэгдэж байгаа. Тарагны сав, бялуун дотор согтууруулах ундаа хийн нэвтрүүлж архидан согтуурсан тохиолдол гарсан. Талх, чипс зэрэг хүнсний бүтээгдэхүүн дотор тамхи нуун оруулсан тохиолдол ч бий. Мөн шөнө дунд 3,4 цагийн үед гадуур сэлгүүцэж, бие биенийхээ өрөөгөөр хэсэж хөзөр тоглох зөрчил их байна. Зарим үед хүч хүрэхгүй байх тохиолдол гардаг ч тухай бүрт нь арга хэмжээ авч байна.


-Тусгаарлах байрны дэглэм зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож байгаа юу?

-Зөрчил гаргасан иргэнийг 21 хоногийн тусгаарлалт, 14 хоногийн гэр ажиглалтад байх хугацаанд нь хүн уулзаж болдоггүй. Тиймээс ажиглалтын хугацаа дууссаны дараа хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллага хариуцлага тооцно. 


-21 хоногийн тусгаарлалтаас гарж гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжсэн хэдэн хүн байна вэ. Тэдгээр хүмүүст хэрхэн хяналт тавьж байна?


-Өчигдөр 646 хүн тусгаарлалтаас гарж гэрийн ажиглалтад шилжсэн. Ингээд нийтдээ 1630 хүн болж байна. Гэрийн ажиглалтад байгаа хүмүүст хяналт тавихад, орон нутгийн Засаг даргын Тамгын газрын харьяа байгууллага болон цагдаагийн байгууллага, сайн дурынхан хамтран ажиллаж байна.


Г.Удвал

Холбоотой мэдээ