Ц.Ариунбаяр: Иргэний танхимаар давхардсан тоогоор 3000 орчим иргэн нийтийн сонсголд оролцож санал өгсөн байгаа

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-07-28 11:05:16

Завхан/МОНЦАМЭ/. 2015 оны 07-р сарын 08-нд батлагдаж,  2016 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилт Завхан аймаг ямар байгаа талаар аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын ажилтан Ц.Ариунбаяртай уулзаж тодрууллаа.


-Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Нийтийн сонсгол гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу. Ер нь нийтийн сонсгол хийх нь ямар ач холбогдолтой юм бол?


-Нийтийн сонсгол гэж төр хууль тогтоох, захиргааны хэм хэмжээний акт болон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлаар шийдвэр гаргахынхаа өмнө  иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага болон мэргэжлийн хүмүүсээр хэлэлцүүлж санал авах үйл ажиллагааг хэлнэ.


Төрийн шат шатны байгууллагууд бодлого шийдвэр гаргахынхаа өмнө иргэдийнхээ саналыг сонсож, тэдний оролцоог нэмэгдүүлж, тэдний санал хүсэлтэд тулгуурласнаар орон нутгийн онцлогт тохирсон, оновчтой шийдвэр гаргах нөхцөл бүрдэх юм. Энэ бол нийтийн сонсгол хийсний ач холбогдол юм.


-Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар Нийтийн сонсгол, төсөл хөтөлбөрийн хэлэлцүүлгүүд явдаг. 2016-2020 онд хэдэн удаагийн сонсгол хийж, хэчнээн иргэд оролцов. Иргэд ямар асуудалд ихэвчлэн санал бодлоо хэлж байна вэ?

-Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой аймгийн ИТХ-аас 2016-2020 онд баримтлах бодлогод “Бодлогын баримт бичиг”, “Хөтөлбөр төлөвлөгөө, дүрэм журам” батлан гаргахын өмнө иргэд, иргэний нийгмийн байгууллагаар хэлэлцүүлж санал санаачилгыг шийдвэрт тусгах зорилт тавин ажилласан.


Үр дүн ч гарсан байгаа. Тухайлбал, 2016-2020 онд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар 30 гаруй хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулагдаж давхардсан тоогоор 3000 орчим иргэд оролцож санал бодлоо илэрхийлсэн байна.

Иргэд хог хаягдал, бэлчээр ашиглалт, мал аж ахуй, эмч, багш нарын нийгмийн асуудал, бизнес эрхлэгчдийг дэмжих гэх зэрэг олон асуудалд саналаа илэрхийлсэн.


Цаашид энэ ажлыг улам эрчимжүүлж иргэдийг мэдээллээр хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны шат шатны байгууллага анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм.


-Нийтийн сонсголын хуулиар ямар ямар асуудлаар төр шийдвэр гаргахын өмнө заавал иргэдээсээ асууж, шийдвэртээ тусгах ёстой бэ? Ер нь иргэдийн шийдвэр ажил хэрэг болж чаддаг уу?

-Нийтийн сонсголын тухай хуулиар төр нийтийн эрх ашиг сонирхол хөндсөн асуудал, хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, төсөв батлах, төсвийн орлого зарлагад тавих хяналт зэрэг асуудлуудыг хэлэлцэж батлахын өмнө хэлэлцүүлэг сонсгол зохион байгуулах ёстой байдаг.


Иргэн, төрийн байгууллага, мэргэжлийн хүмүүсээс гарсан саналуудыг боловсруулж хууль журамд нийцүүлэн төрөөс гарах шийдвэрт тусган ажил хэрэг болгож байна.


Жишээ нь багш, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай санал сайн багш, сайн эмч хөтөлбөрийг боловсруулах үед нэлээд гарч байсан.

Энэ саналтай холбоотой жил бүр аймгийн сайн багш, сайн эмч , сумын сайн багш, сайн эмч  болон шилдэг багш, эмч, эмнэлгийн ажилчдыг шалгаруулж шагнаж, урамшуулдаг байдал тогтсон.


-Аймгийн Иргэний танхимаар хэлэлцүүлсэн ажлуудын жагсаалтаас харахад төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл төсвийн хяналт, төсөв төлөвлөх үйл явц, иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой эрүүл мэнд, нийгмийн даатгалын болон орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлгүүд огт хийгдээгүй байна.

-Энэ юутай холбоотой юм бол? Цаашид хийгдэх боломж байгаа юу? Хэн хийх, хийхийг шаардах ёстой бэ?


-Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулсан хэлэлцүүлэг сонсголоос гадна Завхан аймаг  “Ард иргэдээ сонсох аян”-аар иргэдэд тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлага, санал хүсэлтийг сонсож эрэмбэлэн жил бүр аймаг сумдын төсөвт тусган хэрэгжүүлж хэвшээд байгаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар багийн Засаг дарга нар багийн иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг зохион байгуулдаг.


Мөн Багийн Засаг дарга нар Сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран өмнөх оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны үр дүнг иргэдэд танилцуулж, тухайн онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хийгдэх ажил, арга хэмжээний дэлгэрэнгүй танилцуулгыг олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулдаг байгаа.


Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэл, тайлагналт, үр дүнд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг, хууль дүрэм журмын дагуу аймаг, сумдын захиргааны байгууллагууд хийдэг.


Жил бүрийн нэгдсэн төсөвт Төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийж, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж баталгаажуулан холбогдох байгууллагуудад санал, дүгнэлт зөвлөмжийг хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Тэгэхлээр сонсголыг төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан зохион байгуулна.


Иргэд Нийтийн сонсгол зохион байгуулах санал хүсэлт гаргах нь ховор байдаг. Энэ нь нийтийн сонсголын тухай хуулийн тухай мэдээлэл дутмаг байдагтай ихээхэн холбоотой. Иймд Нийтийн сонсголын тухай хууль, холбогдох журмыг сурталчилж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь нэлээд чухал болоод байгаа шүү.

Аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, харьяа хэлтэс агентлагууд 2017-2020 онд 32 удаа нийтийн сонсгол зохион байгуулжээ.

Дээрх нийтийн сонсголд 2859 хүн оролцож, төрийн болон орон нутгийн бодлогод санал бодлоо тусгасан байна. Манай аймаг авилгаас ангид аймаг, эрх зүйн боловсрол эрс шинэчлэл, сайн эмч, сайн багш, сайн оюутан, стандарттай Завхан, сайн бизнесмен гэх мэт 10 дэд хөтөлбөрийг ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлсэн байна.

Харин Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд 612 иргэнээс санал авсан байна.

Түүнчлэн 2019, 2020 онуудад усны аюулгүй байдлын төлөвлөгөө, Сайн малчин дэд хөтөлбөрийн хэрэгжилт, энгийн хог хаягдлыг ангилах цуглуулах, тээвэрлэх дахин боловсруулах ашиглах, устгах булшлах журам, орон нутгийн эд хөрөнгө түрээслэх журам гэх мэт дөрвөн журмыг иргэдээр хэлэлцүүлжээ. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт 525 иргэнээс 2020 онд цахим хэлэлцүүлгээр 434 хүнээс санал авсан байна. 


-Өмнө хийгдэж байгаа Нийтийн сонсголууд 2017 онд батлагдсан Нийтийн сонсгол хийх журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна уу? Үгүй бол хэрхэн яаж сайжруулах бэ?

-Иргэний танхимд зохион байгуулагдсан хэлэлцүүлгүүд нь Нийтийн сонсгол хийх журмын дагуу бүрэн зохион байгуулагдаж хэвшээгүй ч, сонсох ажиллагааг тодорхой хэмжээнд зохион байгуулж иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын саналыг шийдвэрт тусгах ажлыг зохион байгуулж байгаа.

Цаашид Төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд Нийтийн сонсголын тухай хууль, нийтийн сонсгол хийх журмыг сурталчлах, бусад аймаг, улс орон нутгийн туршлагаас судлах нь зүйтэй санагддаг.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ