Хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, ой тогтоолтыг сайжруулж байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-07-28 17:35:47

Увс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвд Монголын оюун ухааны академийн хоёр багш ирж таван хоногийн хугацаатай хичээл зааж байна. Ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, спорт өрөлтийн чиглэлээр явагдаж буй уг сургалтад тус төвийн Сэтгэн бодох, ой тогтоолтын ангийн 156 хүүхэд сургагч багш нарынхаа хамтаар хамрагдаж байгаа аж.

Өнгөрсөн хавар шинээр байгуулагдсан Баруун бүсийн хүүхэд хөгжлийн төвөөс Монголын оюун ухааны академитай хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар салбарыг нь оруулж ирсэн байна.  

“Хүүхэд багачуудыг багаас нь сэтгэн бодох чадвар, ой тогтоолт сайжруулах дасгалаар хичээллүүлэх нь олон давуу талтай байдаг. Монголын оюун ухааны академийн салбар Увс аймагт нээгдэж байгаа болохоор цаашдаа бид зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй насан хүрэгчид, сонирхсон иргэдэд энэ чиглэлийн сургалт явуулах боломжтой” хэмээн Монголын оюун ухааны академийн багш Э.Эрдэнэмандах хэллээ.

Холбоотой мэдээ