Хуш модны самрыг ирэх 9-р сарын 10-ны өдрөөс өмнө түүж, бэлтгэхийг хориглов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-07-29 16:06:44

Архангай /МОНЦАМЭ/. Ойг хамгаалах, зүй зохистой ашиглуулах зорилгоор самрын болц гүйцэхээс нь өмнө түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд хушин ой бүхий сумдын Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдийн 60 гаруй төлөөллийг хамруулсан уулзалтыг энэ сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалтын дараа аймгийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/502 дугаар захирамж гарч, ойн экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор хуш модны самрыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө түүж бэлтгэхийг хориглолоо.

Мөн ойн санг хамгаалах, хуш модны самрыг болц гүйцэхээс өмнө түүж бэлтгэхээс урьдчилан сэргийлж, нутгийн иргэд, идэвхтэн байгаль хамгаалагч, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн гишүүдтэй хамтран эргүүл шалгалт, хяналтын постыг тогтмол ажиллуулж, аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 04 дүгээр албан даалгаварийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцож ажиллахыг чиглэл болгосон.

Хугацаанаас өмнө самар түүж бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан тохиолдолд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг торгож, багаж, тоног төхөөрөмж, техникийг хураах хүртэлх арга хэмжээг авах ажээ. 

Холбоотой мэдээ