Улаагчны Хар нуур, Мухартын гол орчмоос 25.8 тонн хаягдлыг ачиж зайлуулжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-07-30 16:24:25

Завхан/МОНЦАМЭ/.Энэ жил Завханы улсын тусгай хамгаалалттай газрууд болох, үзэсгэлэнт газруудыг зорьж очих дотоодын жуулчдын тоо их байна. Тухайлбал Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын постоор гэхэд 07-р сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 50 гаруй мянган аялагч, 6800 гаруй автомашин нэвтэрчээ.

Эдгээр аялагчдад Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газраас 2600 гаруй ширхэг гарын авлага, боршур, 21000 ширхэг хогийн уут тарааж заавар зөвлөгөө өгчээ. Энэ жил Отгонтэнгэр уулын өвөр хэсэг, Улаагчны хар нуур, Мухартын голын чиглэлд  ирэх аялагчдын тоо өмнөх жилээс 50 гаруй хувиар нэмэгдсэн байна.  

Тухайлбал Отгонтэнгэрийн Дархан Цаазат газрын Отгонтэнгэр хайрханы өвөр, Бадархундага   чиглэлд гэхэд долоодугаар сарын эхний 10 хоногт өдөрт 80-100 авто машин нэвтэрч байсан. Харин баяр наадмын өдрүүдэд өдөртөө 140-170 автомашин, өнөөдрийн байдлаар өдөрт 50-80 авто машин нэвтэрч байна.  Богдын өвөр хэсэгт хоёр байгаль хамгаалагч  ажилладаг. Ачаалал ихтэй үеэр дахин нэг байгаль хамгаалагчийг нэмж ажиллууллаа. Богдын өвөр хэсэгт түр хогийн цэгт аялагчдын хогийг төвлөрүүлэн хогийг ангилан ялгаж ачуулсан байгаа. Долоодугаар сарын нэгнээс хойш нийт таван удаагийн тээвэрлэлтээр 16 тонн хог хаягдлыг ачиж Отгон сумын төвлөрсөн хогийн цэгт буулгасан. Манай байгаль хамгаалагчид аялагчдын аюулгүй байдлыг хангахаар нуур голын уснаас болгоомжлох, хоноглох отоглох байршлыг зааж өгөх. Тусгай хамгаалалттай газар нутгийн горим дэглэмийг танилцуулах, үер усны аюулаас сэрэмжлэх зэрэг заавар зөвлөмжийг тогтмол өгч ажилласан хэмээн Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газраас мэдээлэв.

Мухартын голын эх рүү автомашинтай оруулахгүй байгаа гэв

Улаагчны хар нуурын Байгалийн цогцолбор газрын Хар нуур чиглэлд өдөртөө 40-80 автомашин зорчиж байна.

Баяр наадмын үеэр гэхэд өдөрт 80-130 авто машин цогцолбор газрын постоор нэвтэрчээ.

Өнөөдрийн байдлаар 3000 орчим авто машин, 8000 гаруй аялагч ирсэн байна. Улаагчны хар нуурын Байгалийн цогцолбор газрын Хар нуур хэсгийг хариуцсан байгаль хамгаалагчид  гэхэд нийт зургаан удаагийн тээвэрлэлтээр 3,4  тонн хог хаягдлыг Яруу сумын төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалтын захиргаанаас энэ зун Улаагчны хар нуур, Мухартын голын дагуу анхааруулгын самбар, машин нэвтрүүлэхгүй домбо суулган хаалт хамгаалалт, автомашины зогсоолын тэмдэг, автомашин нэвтрэхийг хориглосон тэмдэг, элсэн манханруу дамжин гарахыг хориглосон тэмдэг, хаалт хамгаалалт зэргийг хийлээ.

Мөн Мухартын голын элсэн манхан руу гулгахгүй, хог хаягдал хаяхгүй байх зэргийг анхааруулсан самбарыг байршуулж, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэн ачуулсан. Мухартын голын эх рүү автомашинтай оруулахгүйгээр хаалт хийсэн учраас аялагч, амрагчид нэг км орчим алхаж очиж үздэг болсон. Аялагчид Мухартын голын эх рүү автомашинтайгаа орж байгаа гэх сошиал орчинд мэдээлж буй мэдээллүүд худал юм.

Аялагч, амрагчдын тарьсан 25.8 тонн хог хаягдлыг цэвэрлэж ачуулжээ

Улаагчны нар нуурын Байгалийн цогцолбор газрын Жаахан нуурын  урд  хэсгийн отоглох цэгийн   зориулалтын ариун цэврийн байгууламжийн ойр орчимд төвлөрсөн хогийг цэвэрлэж нийт 15 удаагийн тээвэрлэлтээр 6.4 тонно хог хаягдлыг Яруу сумын хогийн цэгт буулган ажиллаа.

Жаахан нуурын отоглох цэгээс  дотогш   майханлаж орсон  аялагчдыг гарган нуурын элсэн манханы хог хаягдлыг цэвэрлэж, отоглох цэгээс цааш автомашин нэвтрэхгүй хаалт хамгаалалтыг хийсэн байгаа. Нуурын элс рүү явганаар оруулж байна. Мөн  нуурын ар, нуур дээд хэсгийн хог хаягдлыг цэвэрлэж нийт 21 удаагийн тээвэрлэлтээр 9.8 тонн төвлөрсөн хогийг асууллаа. Харин аялагч амрагчдын эмх замбараагүй хаясан нийт 25.8 тонн  хог хаягдлыг цэвэрлэж асуулсан гээд ачаалалтай ажиллаж байгаа гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалын газрын мэргэжилтэн П.Мөнхзул мэдээллээ.  

             

Холбоотой мэдээ