Онцгой нөхцөлд ажиллаж буй байгууллагуудыг цахилгаанаар найдвартай хангахыг үүрэг болгов

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-07-31 11:19:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, сайдын зөвлөх П.Товуудорж, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох нар “УБЦТС” ТӨХК-ийн ажилтай өнөөдөр танилцлаа.


“УБЦТС” ТӨХК нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, албан байгууллагад 0,4-35 кВ-ын цахилгаан эрчим хүчийг түгээх үндсэн үүрэгтэй. Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний худалдан авсан цахилгаан, эрчим хүчний 50 орчим хувийн түгээлт, борлуулалтыг хийж гүйцэтгэдэг.


"COVID-19" цар тахлын нөхцөл байдлаас улбаатай Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон, хязгаарлагдсантай холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ төлөвлөснөөс 121.7 сая кВт/цагаар буюу 7.8 хувиар, нийт орлого 7 хувиар буурсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар компанид 418 мянга 621 ширхэг тоолуур болон 12 мянга 800 ширхэг гүйдлийн трансформатор бүртгэлтэй байна. Жилд дунджаар 4168 хэрэглэгчийн өргөдөл гомдлыг хүлээн авч бүрэн шийдвэрлэдэг аж. Техникийн нөхцөлийн хүсэлт жилд дунджаар 4667 ирдэг бөгөөд 3735 буюу 80 хувийг шийдвэрлэж байна.


2020 оны их засвар, хөрөнгө оруулалт, ТЗБАХ-ний төлөвлөгөөгөөр 116 нэр төрлийн 13,918.4 сая төгрөгийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн сарын 27-ны байдлаар 53.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор НОБГ-ын 13/404 тоот, ДҮТ-ийн 02/236 тоот, УБЗАА-ны 1/897 дугаар албан бичгээр ирсэн зөвлөмжийн дагуу хэрэглэгчийн хүчдэл таслах боломжгүй байснаас төлөвлөгөөт ажил тодорхой хугацаагаар хойшилжээ.


Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэх хангах ажлыг 10 дугаар сарын 15 гэхэд дуусгах, цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлэг /ХӨСҮТ/, тусгаарлах байруудын цахилгаан хангамжийн найдвартай байдалд онцгой анхаарч ажиллах, цаашид түр тусгаарлах байруудын тоо нэмэгдэхтэй холбоотойгоор УОК-тай тогтмол хамтарч ажиллахыг үүрэг болгов. Мөн өр авлага барагдуулах талаар тууштай ажиллах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн цахилгаан хангамж болон шинээр баригдаж буй үйлдвэрийн гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэгдлээ.


Холбоотой мэдээ