Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-02 14:18:42

ТЕЛЬ-АВИВ. /ВВС/. Цар тахлын эсрэг Израилийн эрх баригчдын авч буй арга хэмжээнд сэтгэл дундуур байгаа олон мянган хүн Иерусалим, Тель-Авив, Кесария зэрэг хотуудын гудамжинд гарч жагссан байна. Жагсагчдын ихэнх нь амны хаалт зүүсэн байсан бөгөөд коронавирусний цар тахал болон авлигын эсрэг тууштай тэмцэж чадахгүй Б.Нетаньяхугийн засгийн газрыг огцруулахыг шаарджээ.


Жагсаалыг зохион байгуулсан “Хар далбаа” гэдэг байгууллагын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд 30 мянган хүн оролцсон бол сэтгүүлчид үүнээс 2 дахин бага тоог дурдлаа.  


Өмнөх жагсаалуудтай харьцуулахад энэ удаагийн эсэргүүцлийн арга хэмжээ ерөнхийдөө тайван байдалд болж өнгөрчээ. Цагдаа нар 23 цагт жагсаал дууссаны дараа тарж яваагүй 12 хүнийг баривчилсан байна.


Өдгөө 70 настай Нетаньяху бол авлига, луйвар, бусдын итгэлийг урвуулан ашигласан хэргээр шүүгдэх гэж буй Израилийн түүхэн дэх анхны ерөнхий сайд юм. Харин тэрбээр өөрийг нь буруутгаж буй хуулийн бүх зүйл заалтыг эсэргүүцэж байна.     


Цар тахал дэгдэх үед коронавирустэй амжилттай тэмцэж буй Израиль улсыг магтан сайшааж байсан боловч 5 дугаар сард хөл хориог цуцалсны дараа халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгджээ. Хөл хориог хэтэрхий эрт цуцалж, кафе, зоогийн газруудыг нээсэн гэдгээ ч Ерөнхий сайд Нетаньяху өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.


Өнөөдрийн байдлаар, 9 сая хүн амтай Израиль улсад нийтдээ 72 мянган хүн Ковид-19-ээр өвчилж, 523 хүн нас баржээ.   

Холбоотой мэдээ