"Зуун айл"-ын барилгын үйлдвэрүүдийг Налайхад байрлуулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-03 15:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн "Зуун айл"-д ажиллаж буй барилгын материалын худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна. Энэ талаар "Зуун айл"-ын барилгын захыг нүүлгэх ажлын багийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ. 

100 айлын барилгын захыг нүүлгэх ажлыг 2018 оноос үе шаттайгаар эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар барилгын материалын 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр 100 айл орчмын замын түгжрэл тодорхой хэмжээнд буурчээ. Одоо зарим худалдаа эрхлэгчдийг бусад дүүрэгт тарааж байрлуулна гэдгийг ажлын багийн ахлагч Ч.Гантулга онцоллоо. Тараан байрлуулах газрын нэгд Найлах дүүрэг орж байна. Налайхад барилгын материалын паркийн бүтээн байгуулалтын ажлыг ид хийж байна. Энд нийт 40 га газарт үйлдвэр барихаас үүний 13 га газарт 100 айлын барилгын материалын үйлдвэрүүдийг оруулах аж. Одоогийн байдлаар 13 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Энэ талаар энэ 8 дугаар сард 100 айлд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзана гэдгийг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн захирал С.Батжаргал мэдэгдлээ.

100 айл орчимд 1970-аад оноос хойш дэд бүтэц,  хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй ирсэн юм. Тэгвэл өнгөрсөн онд үерийн усны далан, газар доорх байгууламж, явган хүний замыг шинэчилж, 4 эгнээтэй зам, дугуйн зам тавих зэрэг ажлыг хийгээд буйг ажлын багийн өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа. 

Холбоотой мэдээ