Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах талаар чиглэл өглөө

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-03 18:04:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайн хангах талаар сумын Засаг дарга нарт чиглэл өглөө.

Энэ оны хаваржилт тавгүй байж, аймгийн хэмжээнд 112,0 мянган толгой мал хорогдож, Сайхан, Баян-Агт суманд зудын аюуд нүүрлэсний дээр тав, зургаадугаар сар хүртэл нийт нутгаар цаг агаар сэрүүн байсан. Хур чийггүй байснаас зуншлага оройтож, мал махан тарга аваагүй наймдугаар сартай золгож байгаа нь өвөлжилт хаваржилтад таагүй нөхцөл үүсэх төлөвийг илтгэж байгаа гэж хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд дүгнэж байна. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар аймгийн хэмжээнд 9,0 мянган тонн ногоон тэжээл хурааж авах тооцоо байгааг харгалзан орон нутагтаа борлуулах, малчдад мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулах, өвлийг өнтэй давах хэмжээний өвс тэжээл, хужир шүү, хашаа саравч бэлтгэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга нарт чиглэл болгосон байна. Мөн орон нутгийн ээлжит сонгуультай учир өвөлжилтийн бэлтгэлийг цалгардуулахгүй, хариуцлагатай, шуурхай хангахыг анхааруулсан байна.

Холбоотой мэдээ