Нар нь гал шиг төөнөх, бас даарах 8 дугаар сар

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-08-04 09:51:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарыг амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг хүмүүс нь малчид байдаг. Тэдний амьдрал ахуйтай салшгүй холбоотой учир тэр биз. Цаг уурын байгууллагаас 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын тойм мэдээллийг гаргажээ. Тойм мэдээллийн хамт зарим нэг нэр томьёог тайлбарласан байна. Тухайлбал, олон жилийн дундаж (ОЖД) гэдэг нь дэлхийн цаг уурын байгууллагын тодорхойлсоноор өнөөдрийн байдлаар 1981-2010 оны хоорондох цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг илэрхийлэх аж.


Мөн цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүй зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”,  цаг агаарын үзэгдэл тухайн нуггийн 30-70 хувьд хамрахаар байвал “ихэнх нутгаар", 70-аас дээш хувийг хамрах тохиолдолд “нийт нутгаар” гэсэн нэр томьёог хэрэглэн олон нийтэд зарлан мэдээлдэг аж. Зуны улиралд агаарт болон хөрсөн дээр 0 хэмээс доош орж хүйтрэхийг “цочир хүйтрэлт” гэж үздэг юм  байна. Бүс нутгийг дараах байдлаар тогтоосон:


Баруун (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэсэн дөрвөн бүсэд хувааж, цаг агаарыг нийтэд мэдээлдэг. Тэгвэл мэргэжлийн хэллэг, нэр томьёоны  тайлбарт тулгаарлан 8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг авч үзье.


Энэ сарын дундаж температур (дулаан) Алтайн өвөр говиор ОЖД-аас 1.5–2 хэм дулаан, бусад нутгаар ОЖД орчимд байна гэжээ. Тэгэхээр нэр бүхий аймгуудын нутгаар ОЖД хэмээн бичигдсэн 1981-2010 оны 8 дугаар сараас дээрх хэмжээгээр дулаан байх нь гэж ойлгож болох бололтой. ОЖД-д багтсан жилүүдээс 1984, 1985, 1990, 1993, 2003 онуудад бүх нутгаар цаг агаар дундажаар 1-3 хэмээр хүйтэн байсан аж. Харин 2001-2002, 2005-2008, 2011 онуудад 1-4 хэмээр дулаан байжээ.


Зарим жилд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр шөндөө 3-8 хэм хүрч цочир хүйтэрч байсан байна. Ийм тохиолдол өнгөрсөн хугацаанд 10 жил тутамд 1-3 удаа гарч байжээ. Цочир хүйтрэлтийг 1981-2019 оны хоорондох 8 дугаар сард ажиглагдсан дундаж хугацааг авч үзэхэд хамгийн эрт нь 8 дугаар сарын 1-нд Хөвсгөл, Дархан-Уул, Баянхонгор аймагт ажиглагдсан байна. Бусад нутгаар ийм тохиолдол ОЖД-аар 8 дугаар сарын 15-аас хойш гарч байсан аж. Энэ оны 8 дугаар сарын цаг агаарын төлөв байдлын тоймд төвийн аймгууд газар тариалангийн нутгаар цочир хүйтэрч болзошгүй гэж  анхааруулжээ.


Хур тунадас (бороо, цас) энэ сард Увсын ихэнх нутаг, Завханы зүүн, Ховдын хойд хэсгээр ахиу, бусад нутгаар ОЖД-ийн орчим орох ажээ. Гол төлөв баруун бүсийн аймгуудын нутгаар бороотой байх нь. Увс аймгийн ихэнх нутаг гэж энд бичжээ. Ийм болохоор тус аймгийн нийт нутгийн 70 хувьд Ховд, Завхан аймгийн хойд хэсгээр ОЖД-аас ахиу бороо орно хэмээн ойлгож болох юм. Хур бороо, температурын хувьд төвийн бүсийн аймгуудад ОЖД орчим байх аж.


Ер нь жил бүрийн 8 дугаар сард Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган Сэлэнгийн ихэнх нутгаар 71-99 мм, Их нуруудын хотгор, Алтайн өвөрговь, говийн бүх нутгаар 3-40 мм, бусад нутгаар 41-70мм хурд тундас (бороо, цас) ордог байна. Харин 1985, 1986, 1989, 1996-1998, 2004-2006, 2008-2011, 2014, 2016,2019 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас бага бороо орсон. Тэгвэл 1981-1984, 1987-1988, 1990-1995, 2012-2013, 2017-2018 онуудад зарим нутгаар ОЖД-аас харьцангуй их бороотой байсан гэж цаг агаарын тоймд тэмдэглэсэн байна.


Мөн сарын дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй.  Харин сарын 1, 2 дугаар арав хоногийн дунд үеэр дулаарч, өдөртөө 28-32 хэм хүрч халах, 3 дугаар 10 хоногийн дундуур ихэнх нутгаар салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12-14 м/с, зарим үед 16-20 м/с хүртэл ширүүсэх төлөв байдал гарсан аж. Энэ төлөв байдлаас харвал нар нь гал шиг төөнөх, бас даарах магдлал 8 дугаар  сард  маш өндөр байна.

Холбоотой мэдээ