Гадаадын иргэдийг хөлслөн ажиллуулахыг хязгаарлах тухай зарлигт Д.Трамп гарын үсэг зурав

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-04 09:49:39

ВАШИНГТОН. /TASS/. Холбооны засгийн газар ба түүний харьяа байгууллагуудад гадаадын ажилтнуудыг ажиллуулахыг хязгаарлах тухай зарлигт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт гарын үсэг зурлаа.


Шинэ журам нь тухайлбал гадаадын өндөр мэргэжлийн ажилтнуудад зориулсан H1-B виз бүхий хүмүүст хамаарах юм. Зарлигт тусгаснаар, Америкийн засгийн газрын харьяа байгууллагууд болон холбооны засгийн газартай гэрээгээр ажиллаж буй байгууллагууд нь АНУ-ын иргэд, байнга оршин суугчид болон байнга оршин суух зөвшөөрөл буюу ногоон карт эзэмшигчдийг түлхүү ажилд авч, тухайн ажилд тохирох мэргэжилтнүүд байхгүй тохиолдолд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулах ёстой болж байна.  


Өмнө нь Трамп мэдэгдэхдээ “АНУ-д мэргэжлийн ажил эрхлэхээр ирэх хүмүүст зориулсан H1-B ангиллын визтэй холбоотой шинэ дүрэм журмыг засгийн газар боловсруулж дууссан” гэсэн билээ. Блүүмбэрг агентлагийн мэдээнд дурдсанаар, ойрын үед H1-B визний хөтөлбөрт орох бусад өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх аж.


Энэ бол цар тахал дэгдсэнээс хойш цагаачлалын талаар авсан Трампын засаг захиргааны анхны шийдвэр биш юм. 6 дугаар сарын сүүлчээр Америкийн Ерөнхийлөгч H1-B, H-4, H-2B, L болон J ангиллын визүүд олгохыг 2020 он дуустал зогсоох тухай захирамж гаргасан байна. 


Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Америкийн засгийн газрын зүгээс H-1B виз олгох хөтөлбөрийн шаардлагуудыг чангатгасаар байгаа юм. Уг хөтөлбөр нь гадаадын иргэдийг, ялангуяа шинжлэх ухаан-техникийн салбарын өндөр түвшний мэргэжилтнүүдийг түр хугацаагаар хөлслөн ажиллуулах боломжийг Америкийн компаниудад олгож байв. Гэтэл зарим компани уг хөтөлбөрийг урвуулан ашиглаж, америкчуудыг ажлаас нь халж байна гэх шүүмжлэл дэгджээ. 

Холбоотой мэдээ