Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв байгуулна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-04 12:44:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төслийн талаар Улаанбаатар хотын захирагаанд албан ёсны мэдэгдэл ирүүлжээ. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын ЖДҮ, гарааны бизнесийн яам, түүний харьяа Өмнөд Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэн хамтран Монгол, Солонгосын хамтарсан төв байгуулах талаар энэ оны 3 дугаар сарын 17-нд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.

Уг төвийг шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 м ам дөрвөлжин талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхээр болжээ. “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төслийн хүрээнд:

  • Стартапыг дэмжих мэдлэг олгоно. Мөн холбогдох боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол, хурдасгуур, инновацийн хүний нөөц, гарааны бизнес эрхлэгч нарыг Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран хөгжүүлнэ,
  • Монгол-Солонгосын бизнесийн орчинг сайжруулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл мөн сайн туршлагыг солилцох, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, түүний эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх, гарааны бизнес хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ.

Ингэснээр, Монгол Улсад гарааны бизнесийн эрүүл экосистемийг бий болгох, ээлтэй хууль эрх зүйн орчинг цогцлоох ба НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн Зорилт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын биелэлтийг хангах юм.


Холбоотой мэдээ