Сайн эцэг эх байх сургалтыг ирэх сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-08-04 18:52:34

Завхан /МОНЦАМЭ/. Завханы 24 сумын насан туршийн боловсролын нэгжээр дамжуулан сайн эцэг эх байх сургалтыг энэ жил дахин явуулна. Ирэх 9-р сараас тус сургалтыг хуваарийн дагуу 13 суманд явуулах төлөвлөгөөтэй байгаа тухай аймгийн БСУГ-ын Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн мэдээлэв.

”Сайн эцэг эх“ сургалтад өнгөрсөн жил гэхэд долоон сумын 1650 иргэн хамрагджээ. Энэ сургалтаар эрүүл зөв амьдрах арга ухаан, гэр бүл төлөвлөлт,  хүүхэдтэй ажиллах арга зүй,  өөртөө итгэх итгэлтэй болгох, хувийн ухамсар эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил, сайн эцэг эхийн үүрэг оролцоог заан сургажээ. Мөн хүүхдээ хэрхэн зөв зан чанарт сургаж хүмүүжүүлэх, хүүхэдтэйгээ ажиллах арга зүйг эзэмшүүлсэн байгаа.

Сургалтын үр дүн мэдэгдэхүйц гарсан учраас сургалтыг үргэлжлүүлэн бүх суманд хийхээр төлөвлөж буй. Ташрамд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль түшиглэсэн Насан туршийн боловсролын 25 нэгж бий. Эдгээр нэгжээр дамжуулан өнгөрсөн жил таван чиглэлийн сургалтыг 1560 гаруй иргэнд хийсэн байгаа.

Эдгээр иргэдэд амьдрах ухааны боловсрол, гэр бүлийн боловсрол, иргэний боловсрол –экологи, эдийн засаг, улс төр, эрх зүй, ёс суртахуун-төлөвшлийн боловсролыг олгожээ. Мөн авьяас чадвар нээх, мэргэжил сонгох, эрүүл мэнд гэхчлэн 15 төрлийн хичээлийг заасан. Үр дүн ч сайн байгаа. COVID-19 цар тахлын хөл хорио гарсантай холбоотой зарим сургалтууд хийгдээгүй байна. Энэ жил дээрх цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бүх суманд сайн эцэг эх байх сургалт хийгдэх эсэх нь шийдэгдэх байх хэмээн БСУГ-ын Насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Уртнасан дуулгав. 

Холбоотой мэдээ