Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-04 18:02:18

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт "Мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлэг-ариун цэврийн нөхцөл" сэдэвт бүсчилсэн сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай гэх баруун бүсийн таван аймгийн мал төхөөрөх,  мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн технологич, малын эмч, мал эмнэлгийн хяналтын байцаагчдын төлөөлөл 50 гаруй хүн оролцож буй юм.

Сургалтын үйл ажиллагаа өчигдөр эхэлсэн ба энэ сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд нийт оролцогчдод хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан мах бэлтгэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх аргачлалын талаар мэдлэг, ур чадвар олгохоор зорьж байна. Мөн Мал, амьтны эрүүл мэнд, эрүүл ахуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай холбогдох хуульд заасан нийтлэг эрх, үүрэг, үүсэж болох зарим  эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар салбарын мэргэжилтнүүд зөвлөмж хүргэж буй юм.

Түүнчлэн сургалтын үеэр мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ариун цэврийн дадлын дүрэм, малд байх ёсгүй халдварт өвчин, тэдгээрийг таних, оношлох аргачлал, гулууз мах, дотор, дайвар эрхтэнг хөргөх, хөлдөөх, хадгалах технологи, эрхтэн систем, их биеийн тунгалагийн зангилааг шинжлэх, зүсэлт хийх арга ажиллагаа, үнэлэх зарчмын талаар албаныхан мэдээлэл хийх аж. 

Ийнхүү хөдөө орон нутгийн махны үйлдвэрийн технологич, холбогдох мэргэжилтнүүдийг үе шаттай чадавхжуулснаар хүнсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, олон улсын стандартыг мөрдөн ажиллах, цаашлаад махны экспортыг нэмэгдүүлэх, үнэ ханшийг өсгөх боломж бүрдэх юм.

Энэ удаагийн сургалтын зохион байгуулагчаар Мал эмнэлгийн ерөнхий газар, НҮБ-ын ХХААБ-ын "Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл", Азийн хөгжлийн банкны "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төсөл" хамтран ажиллаж байна. Сургалтад оролцогчид маргааш үйлдвэрийн практик дадлага хийнэ.  

Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах дөрвөн үйлдвэр бий. 

Холбоотой мэдээ