Нийслэлийн төсөвт 368.8 сая төгрөг төвлөрүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-04 18:03:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 15 нь нийслэлийн төсвийн санхүүжилттэй үйлдвэрийн газар, 17 нь өөрийн  үйл ажиллагааны орлогоор санхүүждэг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. 

2019 онд үйл ажиллагаа явуулсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой 17 үйлдвэрийн газар нийт 268.9 тэрбум төгрөгийн орлого олж, 304.4 тэрбум төгрөгийн зардал гарган 35.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Дээрх  дүнгээс харахад орлогын төлөвлөгөө 102.1 хувийн биелэлттэй, зардал 2.6 хувиар хэмнэгдэн, алдагдлын хэмжээ зорилтот түвшнээс 10.4 тэрбум  төгрөгөөр буюу 22.8 хувиар буурсан байна. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот (ОНӨААТҮГ) 8 үйлдвэрийн газар нийт 370.6 сая төгрөгийн цэвэр ашигтай, 9 үйлдвэрийн газар нийт 35.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. 

Алдагдалтай гарсан газруудын хувьд элэгдлийн зардал өндөр гарч буйг НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хөндсөн юм. НИТХ-ын дарга Р.Дагва ОНӨААТҮГ-уудын алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Улмаар ашигтай ажилласан 7 үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368.8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтоод байна.

Холбоотой мэдээ