“Оюунлаг Булган” хөтөлбөрт 88,0 сая төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-05 08:59:30

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт "Оюунлаг Булган” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс 88,0 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Аймгийн ИТХ 2017 онд “Оюунлаг Булган” дэд хөтөлбөрийг шатар, ном, мэтгэлцээн, ой тогтоолт гэсэн дэд хэсэгтэй батлан бүх сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлэхээр, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авсан байна.

-Бүх сургуульд мэтгэлцээн, ой тогтоолт, шатрын клубууд байгуулагдан үйл ажиллагаа нь тогтмолжлоо. “Ой тогтоолт”-ын сургагч багш нарыг чадавхжуулах гурван удаагийн сургалтыг зохион байгуулж, 100 гаруй багшийг хамруулсан. “Мэтгэлцээн” хөтөлбөрт 20 сургуулийн 292 сурагч, шатрын сургалтад 1489 хүүхэд хамрагджээ. Жилд дунджаар 469 хүүхэд шинээр шатар тоглож сурч байна. Сургууль бүрд номын фонд баяжилтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, ном унших арга зүй, аргачлалаар зөвлөмж гарын авлага бэлтгэн сургалт, сурталчилгаа хийж байна. Уншсан номынхоо талаар харилцан ярилцах, номын хямдралтай худалдаа, ном сонирхогч залуусын дунд номын клуб байгуулж “Номоор нөхөрлөе” зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар мэдээллээ. "Оюунлаг Булган" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын үр дүнд улсын төрөлжсөн болон анги нийтийн олимпиадад амжилт гаргасан, элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан хүүхдийн тоо өсөж, сургалтын чанарт ахиц гарч байгаа аж

Холбоотой мэдээ